
Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн Тээл гэх газар ачааны автомашин онхолдож, бүхээгийн төмөр хийцэд нэг иргэн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр 08.30 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар Увс аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 20 километр замыг туулан 10.10 цагт очиход Улаанбаатар хотоос Увс аймгийн Тариалан сумын чиглэлд ачаа тээвэрлэж явсан 26 настай, эрэгтэйн жолоодож явсан “Фотон” загварын том оврын ачааны автомашин осолдсон байжээ.
Ослын шалтгааныг хурд сааруулагчийн систем ажиллагаагүй болсны улмаас болсон хэмээн үзэж байгаа аж. Тухайн автомашины жолоочоос гадна зорчиж явсан 28 настай, эрэгтэйн гавлын яс цуурч, хүзүүний 1, 2 дугаар нугалам, бүсэлхийний 2, 3 дугаар үе хугарч, гэмтсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмчид хүлээлгэн өгсөн гэнэ. Харин жолооч болох 26 настай Э автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсаны улмаас нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлж өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.