
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийнхээ талаар танилцууллаа. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд орон нутаг руу хэрхэн зорчих талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Одоогоор 18 аймгийн 196 сум хязгаарлалтын дэглэм тогтоогоод буй. Эдгээрээс энэ сарын 9-нд хязгаарлалтын дэглэм нь дуусах хэд хэдэн аймаг бий. Баяр наадмын өдрүүдэд 13 аймгийн 101 сум хөл хорио тогтоохгүй. Харин 11 аймгийн 100 сум дэглэм тогтоосон хэвээр байна. Тиймээс иргэд хорио тогтоогоогүй аймаг, сум руу нэвтрүүлэхдээ вакцины хоёрдугаар тунд хамрагдсан болон коронавирусийн халдвар аваад эдгэсэн нь үнэн болохыг нотолсон баримтыг үндэслэнэ. Харин хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийг түргэвчилсэн болон ПГУ-ын шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ.
Мөн аялалд гарч буй нэг өрхийн таваас дээш насны нэг хүүхдээс түүврийн аргаар шинжилгээ авна. Учир манай улсад 0-18 насныхан зоронавирусийн халдвар авах эрсдэл нэмэгдээд буй. Одоогоор 0-18 насны 27.483 хүүхэд халдвар аваад байгаагийн 2.524 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүврийн аргаар шинжилгээ авахаар боллоо.
ХӨСҮТ-өөс баяр наадмын өдрүүд дууссаны дараа буюу энэ сарын 17-ноос халдварын тохиолдол нэмэгдэж, өдөрт 1300 орчим бүртгэгдэх магадлалтай талаар мэдээлсэн. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдэх тооцоолол гаргасан байна лээ. Тиймээс аялалд гарч буй иргэд багаа таваас илүү хүнтэй бүрдүүлэхгүй байх нь зүйтэй. Үүнээс гадна аль болох суурьшлын бүсээс холуур аялах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдол буюу шатахуун, хүнсний бүтээгдэхүүн авахдаа аймаг, сумын төвөөр дайран өнгөрч болно. Бусад тохиолдолд аль болох байгальд, агаарт амрах нь чухал" гэв.