
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийг энэ онд байгуулж, эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, оролцоо, эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажиллахаар болсон. Тэгвэл тус зөвлөлийнхөн дүүргүүдийн зарим эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай байгаа амьсгалын болон цэр соруулах аппарат зэрэг нийт 16 тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн болон Баянгол дүүргийн 9, 13, 23-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн 10-р төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, III амбулатори, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд дээрх тоног төхөөрөмжийг өгсөн гэнэ.
