
Олимпийн наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг Токиогийн олимпод оролцох Монголын багийн тугчнаар сонголоо. ОУОХ-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж буй. Иймээс дээрх бодлогод нийцүүлэн багийн тугчнаар эрэгтэй, эмэгтэй тамирчин тус бүр нэг тамирчдыг сонгосон байна.
Ө.Дүүрэнбаяр нь 1994 онд төрсөн бөгөөд өдгөө 27 настай билээ. Тэрбээр ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, армийн ДАШТ-ий алтан медальтай манай улсын хүнд жингийн шилдэг бөхийн нэг юм.
Харин О.Хулан 1999 онд төрсөн, сагсан бөмбөгийн багийн хамгийн залуу тамирчин билээ. Тэрбээр 23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн юм. Өдгөө дэлхийн чансааны 340-д бичигдэж байгаа аж.