
Үндэсний их баяр наадмыг энэ жил хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан боловч "Монголын морин спорт, уяачдын холбоо" тэргүүтэй бөх, сур харваачдын төлөөллүүд үүнийг эсэргүүцэж буй. Тэд өнгөрсөн удаад "NO naadam" хөдөлгөөнийг эсэргүүцэж, "Yes naadam" уриатай морьтой жагсаалыг төв талбайд зохион байгуулсан юм. Гэвч тухайн үед Засгийн газраас коронавирусийн нөхцөл байдал хүндэрсэн хэмээн үзэж, наадмыг ирэх жил хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр "Монголын морин, спорт уяачдын холбоо", "Бөхийн холбоо", "Сурын холбоо"-ныхон нэгдэж, наадам хийхийг дэмжин, Төв талбайд жагсаал хийж буй. Тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-д шаардлага хүргүүлсэн бөгөөд хэрэв баяр наадмыг тэмдэглэх тухай шийдвэр гаргахгүй бол 21 аймгийн 330 сумын уяачид жагсаал зохион байгуулна хэмээв. Энэ талаар Төв аймгийн Баян сумын уяач "Засгийн газар иргэдийг хоёр талцуулан, давчуу хугацаанд шийдвэр гаргасан. ҮАБЗ-д бид шаардлага хүргүүлсэн ч одоо хэр нь хариу өгөөгүй байна. Хэрэв тэд нааштай шийдвэр гаргахгүй бол 21 аймгийн 330 сумын уяачид, малчид орон даяар жагсаал зохион байгуулна" гэв.