
Хаврын ээлжит чуулганыг өчигдөр хаалаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75 өдөр чуулсан байна. Энэ хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа болж, 188 асуудал хэлэлцсэн бол байнгын болон дэд, түр хороо 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцжээ. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрсэн аж. Бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль долоо, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль гурав, УИХ-ын тогтоол 52 буюу нийт 162 хууль, тогтоомж баталсан гэнэ.
НАМРЫН ЧУУЛГАНААР 72 ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Энэ удаагийн чуулганаар баталсан 81 хууль, тогтоолын эцсийн найруулгыг уншсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон тусгах, хүний эрхийн мэдрэмжтэй парламент байх талаар хаврын чуулганы эхэнд дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх бодит алхмуудыг хийж чадсан гэдгийг тэрбээр онцолсон. Тодруулбал, “Хүний эрхийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулав. Тэдний аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шинэ тогтолцоо бүрдүүлсэн. Түүнчлэн Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог ХЭҮК-ын дэргэд байгуулахаар тусгайлан зааж өглөө. Иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хилс хэргээр яллахгүй байх, эрүүдэн шүүлтийг таслан зогсоох чиглэлд зарим бодит эхлэл гарч эхэллээ. Цаашид идэвхтэй мөрдөж буй 400 гаруй хуульд хүний эрхийн талаас үнэлгээ хийж, ямар нэгэн байдлаар хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байвал даруй өөрчлөн шинэчлэх нь та бидний ирэх намрын чуулганы томоохон зорилт байх болно. Эхлүүлсэн ажлаа бид тууштай үргэлжлүүлнэ. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцээд УИХ анх удаагаа тайлангийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан гаргасан тогтоолд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр Засгийн газарт тодорхой үүрэг, чиглэл өглөө. УОК-оос хүний эрх, эрх чөлөөнд тодорхой хязгаарлалт хийх аливаа шийдвэр гаргахдаа ХЭҮК-ын санал, зөвлөмжийг заавал авах, иргэдтэй хүнлэг бус харилцах, ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл, шийдвэр гаргах, Монгол Улсын хуульд заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг зөрчих аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой гэж УИХ үзэж байна” хэмээсэн юм.
Түүнчлэн 27 жилийн дараа нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчилснийг тодотгов. Мөн “Иргэнийхээ хөдөлмөрлөх эрхийг хангасан, халамжаас хөдөлмөрт шилжих шинэ харилцааг дэмжсэн чуулган боллоо. Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, зах зээлийнх нь цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа” хэмээн дурдав. Үүнээс гадна соёл урлагийн салбараа шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулсан чуулган болж, Соёлын тухай хуулийг шинэчилж, анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуультай боллоо гэв. Цаашид эрх зүйн хувьсгалыг эрчимтэй өрнүүлэх зорилт маань нэн чухал, томоохон хуулиудын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэж батлах, мөрдүүлж хэрэгжүүлэх гээд үе шат бүр жигд явагдах ёстойг анхааруулаад, төслүүдийг цаг алдалгүй, үндэслэл сайтай, чанартай, харилцан уялдаатай боловсруулж, өргөн мэдүүлэх, хэрэгжүүлэхэд нь холбогдох байгууллагууд онцгой анхаарах шаардлагатайг УИХ-ын дарга тэмдэглэсэн юм.
Үүнээс гадна намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол баталлаа. Тус чуулганаар нийт 72 хуулийн төсөл хэлэлцэхээр оруулсан байна. Ингэхдээ коронавирусийн халдварт цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүрт нь хэлэлцэхээр төлөвлөжээ.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМЫГ ШАДАР САЙД ХАРИУЦАХ УУ
2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг энэ өдөр хэлэлцэн баталсан. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Уг төслийг С.Бямбацогт нарын 15 гишүүн энэ сарын 2-нд өргөн мэдүүлсэн юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг судлах, шаардлагатай санал боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, улмаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан нь энэ. Тодруулбал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг УИХ, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг ИТХ-д тайлагнахдаа холбогдох суурь баримт бичигт заасан зорилго, зорилт, хүрэх үр дүнг уялдуулан төлөвлөж, тухайн жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ нь хүрэх үр дүнгийнхээ хэдэн хувьд хүрсэн, аль эх үүсвэрээс, ямар хэмжээнд санхүүжүүлсэн талаарх мэдээллийг нэгтгэн, баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу хамтад нь тайлагнахаар тусгасан байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлахдаа тухайн цаг үед тулгамдаж байгаа зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрсдэлийн үеийн төсөл, арга хэмжээг УИХ-д танилцуулснаар төлөвлөгөөндөө тусгаж болохоор заажээ. Түүнчлэн УИХ-ын даргын зөвлөлийн дэргэд салбар бүрийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн өндөр мэргэшилтэй 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөл ажиллах гэнэ. Зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг УИХ-ын даргын зөвлөл батлах нь. Шадар сайдаар тэргүүлүүлсэн Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яамтай байхаар тусгажээ.
Төсөлтэй холбогдуулан гишүүн Ц.Даваасүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн ч хөгжлийн бодлого, төлөвлөлт хийх мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж, бүтцээ бий болгох шаардлагатайг онцолсон. Мөн гишүүн Ж.Ганбаатар төслийн гол агуулга нь яам байгуулж, Шадар сайдад хариуцуулахаар тусгасныг тодотгоод, цаг үеэ мэдэрч хэрэгжүүлэхийг хүссэн юм.
Түүнчлэн Засгийн газраас Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн бариад байсныг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хөгжлийн бодлого, төлөвлөлт хийх төрийн захиргааны төв байгууллагатай байхаар хуульчлах, мэргэжлийн боловсон хүчнийг нь чадавхжуулахад анхаарах шаардлагатайг гишүүд хэлж байлаа. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад хариулахдаа Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буйг дуулгаад, эдийн засгийн асуудал хариуцсан яам шинээр байгуулахаар тусгасныг тодотгов. Эл төслийг ч гишүүдийн олонх дэмжсэн юм.
Бэлтгэсэн Б.Уран