
Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Харин уяачид үүнийг эсэргүүцэж, энэ сарын 1-нд болон өчигдөр Төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан юм. Өчигдөр болсон тайван жагсаалын үеэр Монголын морин спорт, уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбооны гишүүд хамтран Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд наадам хийх шаардлага хүргүүлсэн юм. Улмаар дээрх холбоодын төлөөллийг нийслэлийн Засаг даргын орлогч, инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр болон Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар хүлээн авч уулзжээ.
Уг уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр "Удирдлагын багийн зүгээс Монголын морин спорт уяачдын холбооныхны тавьсан шаардлагыг хэлэлцээд, ирэх сард орон нутагт коронавирусийн халдвар буурсан тохиолдолд Удирдлагын баг хэлэлцээд, зарим аймгуудад бүсийн уралдаануудыг зохион байгуулна. Удирдлагын баг гэдэгт Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагууд багтаж байгаа" гэж мэдэгдлээ.