
Их, дээд сургуулиуд хоорондоо мэдлэг солилцох олон улсын сүлжээ бий болгох зорилгоор ЮНЕСКО 1992 оноос “Юнитвин” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр тус байгууллагын гишүүн орнууд судалгаа шинжилгээний тэнхим байгуулан ажиллах боломж бүрдсэн юм. Одоогоор 134 оронд ЮНЕСКО-гийн 834 тэнхим үйл ажиллагаа явуулж буй аж. Манай улс энэ жишгээр Япон Улсын Цүкүбагийн их сургуультай хамтран Газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхимийг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн дэргэд 2007 онд байгуулсан. Тус тэнхимийг байгуулсан цагаас хойш дээрх их сургуулийн профессор Танака Тадаши, Маки Цүжимүра нар Монгол Улсын зөвлөх инженер, доктор Л.Жанчивдоржтой хамтран удирдаж байсан бол энэ жил С.Чинзоригийг томилжээ. Шинэ удирдлагын хувьд усны нөөц, ашиглалтын чиглэлийн судалгаагаар мэргэшсэн бөгөөд ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын дарга, усны барилга байгууламжийн инженер, доктор юм байна.
Бэлтгэсэн Ж.Мишээл