
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаачдыг дэмжих, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх, импортыг орлох, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор тус салбарын сайдын нэрэмжит грантын шалгаруулалтыг зохион байгуулжээ. Улмаар шилдэг эрдэмтдийн багийг тодруулж, ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн тушаалаар сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техникийн чиглэлийн 21 бүтээлийг хэлэлцэн, шалгаруулалтыг зохион байгууллаа. Бүтээлүүдийг холбогдох тушаалд заасны дагуу шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин, техник, эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэд орох чадамжийн түвшин буюу үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлгээ өгч, шалгаруулсан гэнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын “Судалгааны ажилд инновацийн грант олгох тухай” тушаалаар дараах гурван бүтээлийн багт грантыг олгохоор шийдвэрлэжээ.
-Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), профессор, Я.Мягмарсүрэн удирдагчтай “Тэжээлийн арвайн Шимт сорт” сэдэвт бүтээл
-Мал эмнэлгийн хүрээлэнгийн Бодис солилцоо, биохимийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D), Д.Будрагчаа удирдагчтай “Зэсел тарилгын шингэн” сэдэвт бүтээл;
-Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Ургамлын генетик нөөцийн секторын эрхлэгч, доктор (Ph.D), Т.Атарсайхан удирдагчтай “Хөх далан хальсны Berry Blue сорт” сэдэвт бүтээл шалгарчээ.
Дээрх гурван бүтээлийн багт батламж, 10.000.000 төгрөгийн грантыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь өнөөдөр гардуулан өгөв.