
Ховдчууд Буянт голоо хамгаалахын тулд “Иргэн бүр байгаль хамгаалагч” аян өрнүүлж, зуслангийн айлуудыг хорьтын зохион байгуулалтад оруулах санаачилга гаргажээ. Тус гол дагуу 800-1000 өрх, 3000-5000 орчим хүн зусдагаас урин цагт их хэмжээний хог хуримтлагдаж, хөрс бохирдуулан, байгаль орчинд дарамт учруулдаг байна. Тиймээс 20 айлыг нэг бүлэг болгож, экологийн асуудал хариуцсан ахлагч томилох болжээ. Ховд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Баяржавхлан “Зүлгэн дээр машинаа тавьдаггүй, хогоо зориулалтын цэгт ангилан хаядаг, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг мэдээлдэг, зуслангийн хураамжаа цаг тухайд нь тушаадаг, гол ус бохирдуулдаггүй үлгэр жишээч хэвшилтэй болох нь аяны зорилго.Энэ бүхнийг хэрэгжүүлсэн, шилдэг менежменттэй хорьтыг шалгаруулж, урамшуулна. Ахлагч нар хариуцсан айлуудынхаа хогийг ачуулж, дахин боловсруулах боломжтойг нь үйлдвэрүүдэд нийлүүлэх ажил хариуцна” гэлээ.