
Өнгөрсөн шөнө 03.00 цагт (Монголын цагаар) Евро 2020 тэмцээний сүүлчийн тоглолт Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болов. Тэмцээний сүүлийн тоглолтод Англи, Италийн шигшээ баг хүч сорьж, Италичууд хоёр дахь удаагаа тивийн аварга боллоо. Италийн үндэсний шигшээ баг 15 жилийн өмнө дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байсан бол 2018 оны дэлхийн аваргад оролцоогүй юм. Тэд 1968 онд Европ тивийн аварга болж байсан удаатай.
Харин Англичууд 55 жил хүлээсэн тив, дэлхийн аваргын цомоо энэ удаа авч чадсангүй. Тус улсын баг хамгийн сүүлд 1966 онд дэлхийн аварга болж байсан ч дахин цомыг өргөхийн тулд 2022 онд Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээхээр болж байна.
Тоглолт эхлээд дөнгөж хоёр минут өнгөрч байхад Английн хамгаалагч Люк Шоу гоол хийснээр тухайн баг тэмцээнийг тэргүүлж эхэлсэн ч хоёр дахь үеийн дундуур Италийн Леонардо Бонуччи тэмцээний онооны харьцааг тэнцүүлсэн юм.
Хоёр баг үндсэн цагт тэнцэж, нэмэлт хугацаанд ганц ч гоол оруулаагүй учир торгуулийн цохилт хийхээр болсон билээ. Ингээд Евро 2020 тэмцээний аваргыг торгуулийн цохилтоор шийдэгдэж, 3:2 харьцаагаар Италичууд тэргүүлсэн юм.
Английн багаас Харри Кэйн, Харри Магуайр нар, Италийн багаас Доменико Берарди, Леонардо Бонуччи, Федерико Бернардески нар торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн юм. Улмаар өрсөлдөгчийнхөө хоёр цохилтыг хаасан Италийн 22 настай хаалгач Жанлуижи Доннарумма Евро 2020 тэмцээний шилдэг тоглогчийн алдрыг хүртлээ.
Одоогоор Роберто Манчинигийн дасгалжуулсан Италийн шигшээ баг 2018 оны есдүгээр сараас хойш 34 тоглолт дараалан хожсон амжилт гаргаад байна.