
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын дэргэд байгуулагдсан Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хурал болон зарим шийдвэрийн талаар өчигдөр танилцууллаа. Тухайлбал, манай улс Берлинд төвтэй “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргасан авлигын индексээр 180 орноос 111-т жагссаныг тэрбээр дурдав. Тиймээс уг индексийг бууруулах зорилгоор төрийн албан хаагчдын хүнд суртал, чирэгдэл үүсгэсэн, шан харамж нэхсэн талаарх гомдлыг Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвийн 1111 дугаарын утсаар хүлээн авна гэв. “E-Mongolia” платформд авлигын асуудалтай холбоотой цэс нэмэхээр төлөвлөн, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх салбар хэсгүүд байгуулж, төрийн албан хаагчдын зүгээс иргэдэд учруулж буй дарамт, чирэгдлийн талаар байгууллага тус бүрээр нь үнэлэхийг дурдлаа. Түүнчлэн дээрх ажлын хэсгийн зорилго нь авлигатай тэмцдэг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгтгэн, иргэд, олон нийтээс ирүүлсэн мэдээллийг дүгнэн, шаардлагатай арга хэмжээ авч, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг зохион байгуулах юм байна.