
12-17 настай хүүхдүүдийг “Пфайзер” вакцины эхний тунд хамруулахыг энэ сарын 8-наас түр зогсоосон. Уг вакцины нөөц хангалттай бүрдээгүй учраас эхний тунгийн дархлаажуулалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Харин өмнө нь вакцинд хамрагдсан 12-17 насныхан хоёр дахь тунг товлосон хугацаанд хийлгэж байв. Тэгвэл өчигдрөөс хүүхдүүдэд эхний тунг хийж эхэлснийг ЭМЯ-наас мэдээлэв. Ингэснээр 12-оос дээш настай бүх хүүхэд вакцинд хамрагдах боломж бүрдлээ. Манай улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтад өнгөрсөн сарын 17-ноос хүүхдүүдийг хамруулж, “Пфайзер” вакцин хийж эхэлсэн юм. Улсын хэмжээнд өчигдөр нийт хүн амын 56.5 хувь нь коронавирусийн эсрэг вакцинд бүрэн хамрагдаж, хоёр дахь тунгаа тариулсан байв.
Ташрамд дурдахад, вакцин хийлгэсэн хүүхдүүд сайн хооллож, халуун, бүлээн шингэн уух, халдвар хамгааллын дэглэм сахиж, хоёр дахь тунд товлосон хугацаанд хамрагдахыг ЭМЯ-наас зөвлөв. Мөн вакцин хийлгэсний дараа халуун ногоотой хоол идэхгүй, кофе уухгүй байх шаардлагатай гэнэ. Хэрэв дархлаажуулалтад хамрагдсаны дараа халуурвал аспирин, парацетамол эмийг өрхийн эмчийн зааврын дагуу хэрэглэж болох аж.