
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас 100 гаруй км-т орших Бага түргэний хүрхрээний ойролцоо амарч байсан 12 иргэний нэг нь энэ сарын 12-нд 22 метрийн өндрөөс халтирч унан, усанд осолдсон. Тус аймгийн Онцгой байдлын газрынхан дуудлага хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн турш эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсан юм. Гэтэл үүнээс хоёр хоногийн дараа тухайн иргэний цогцсыг аялагчид олжээ. Тодруулбал, “Бага түргэний хүрхрээнээс 15 метрийн зайд, голын чулуунд тээглэсэн цогцос байна” гэсэн мэдээлэл Онцгой байдлын газарт уржигдар 18.45 цагт ирүүлсэн байна. Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн аврагчид цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллагын төлөөлөлтэй хэргийн газарт очиж, цогцсыг уснаас гаргажээ. Золгүй байдлаар хүрхрээнээс осолдож, амиа алдсан иргэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, 35 настай эрэгтэй байжээ.
Бэлтгэсэн Ж.Мишээл