
Консерваторын газрыг хамгаалах түр хорооны гишүүн багш, ажилтнууд өчигдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тус сургуулийн газартай холбоотой асуудлаар түр хорооныхныг хүлээн авч уулзсан БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд талархаж буйгаа тэд илэрхийлээд, “Бид энэ газрыг хэнд ч өгөхгүй. Хөгжмийн дээд сургуульд шаардлагатай объектуудыг төрөөс санхүүжүүлж барих цаг ирнэ гэдэгт найдаж байна. Тэр хүртэл хамгаална” гэж мэдэгдлээ. Мөн тус яамны нэр дээр илгээхээр төлөвлөсөн шаардлагадаа гурван зүйлийг нэмснээ тайлбарлав. Консерваторын захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нь БШУЯ-ны харьяа байгууллагуудад сургуулийн эзэмшил газраас олгох, эсэх асуудлыг сургуулийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэлгүй дур мэдэн шийдвэрлэснээс ийм маргаан үүссэн гэж түр хорооныхон хэллээ. Тиймээс Ц.Пүрэвхүүг үүрэгт ажлаас нь огцруулахыг шаардаж буй аж. Багш нар яамны зүгээс энэ долоо хоногт багтаан газрыг сургуулийн мэдэлд үлдээх шийдвэр гаргаснаа мэдэгдвэл түр хороог татан буулгана, эс бөгөөс шүүхэд хандана гэв.
Бэлтгэсэн Р.Оюунаа