
Хөвсгөл аймгийн Мөрөнгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэн, ашиглалтад оруулснаа Барилга, хот байгуулалтын яамнаас өчигдөр мэдээллээ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийг хэрэгжүүлж, есөн аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчилж буй юм. Үүний хүрээнд дээрх байгууламжийг хоногт 3000 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай болгосон байна. Байгууламжаас гарсан усаар нь зүлэг, ногоон услан, лагийг нь боловсруулж, шахмал түлш гаргаж болох байгальд ээлтэй, дэвшилтэт технологитой аж. Мөн төслийн хүрээнд аймгийн төвийн III багийн гэр хороололд төвийн шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламж хийсэн нь орон нутгийнхны амьдрах орчныг сайжруулж, бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна гэж үзжээ. Түүнчлэн аймгуудад анх удаа монгол инженерүүд эх орныхоо цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг загварын зураг, төсөл батлуулан, хэрэгжүүлж байгаа нь онцлог юм байна.