
Зарим аймагт гандуу байгаа бол ихэнхэд нь хур бороо элбэг, томоохон голуудын ай сав орчим олон жилийн дунджаас усархаг байгаа. Цаг агаарын байдал ургацын чанарт сөргөөр нөлөөлөх, эсэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаас тодруулахад “Улсын хэмжээнд ган гачиг, үер усны улмаас тариалангийн бүсэд цаг агаарын хүндрэл, ноцтой хохирол дагуулах нөхцөл одоогоор үүсээгүй, таримал хэвийн ургаж байна. Харин үргэлжилсэн их бороо, үерийн улмаас энд тэнд авто зам эвдэрч сүйдсэн мэдээлэл бий. Тиймээс тариалан бүхий долоон аймгийн 100 гаруй сумын хаана нь авто зам эвдэрсэн талаар тодруулж, Зам, тээврийн хөгжлийн яаманд мэдээлэн, засварын ажил хийлгэхээр бэлтгэж буй” гэв.
Ташрамд дурдахад, ХХААХҮЯ-наас энэ жил махны экспортод квот тогтоохгүй байх саналтай байгаа аж. Тодруулбал, импортлогчийн шаардлага хангасан, гэрээ байгуулж чадсан аж ахуйн нэгжүүд бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнээ квотгүй нийлүүлэх боломж бүрдүүлэх гэнэ. Уг саналыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр зорьж буй юм байна.