
Манай сурагчид энэ онд олон улсын таван олимпиадад оролцох эрх авчээ. Үүнээс одоогоор дөрвөн олимпиадад өрсөлдөж, хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл буюу нийт 12 медаль хүртэв. Мөн гурван хүүхэд тусгай байрт шалгарчээ. Өнгөрсөн долоо хоногт математик, физик, биологийн олимпиад өндөрлөсөн юм. Тодруулбал, олон улсын математикийн 62 дугаар олимпиад энэ сарын 17-24-нд болж, “Сант” сургуулийн сурагч А.Нямдаваа, нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч М.Өнөболд нар алтан медаль хүртлээ. Түүнчлэн хоёр сурагч мөнгө, мөн тооны сурагч хүрэл, нийт зургаан медаль авч, монголчууд багийн дүнгээр 105 орноос 11 дүгээр байрт жагсав. Энэ нь манай сурагчдын хувьд түүхэн амжилт юм. Тэдний удирдагчаар Монголын математикийн олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалан, МУИС-ийн математикийн багш У.Батзориг нар ажиллажээ. Амжилт гаргасан зургаан сурагчийн тав нь өнгөрсөн оны олимпиадад оролцож, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэж, багаараа 29 дүгээр байрт эрэмбэлэгдсэн аж.
Литва улсад энэ сарын 17-24-нд зохион байгуулсан олон улсын физикийн 51 дүгээр олимпиадад манай улсаас таван хүүхэд оролцжээ. Тэднээс “Сант” сургуулийн сурагч О.Анирчулуу, Б.Билгүүн нар хүртэл медаль хүртсэн байна. Мөн хоёр сурагч шагналт байрт шалгарчээ. МУИС-ийн Физикийн тэнхимийн багш Н.Цогбадрах, Г.Мөнхбаяр нар сурагчдыг бэлтгэжээ. Тэгвэл энэ сарын 18-23-нд Португалын Лисбон хотод цахимаар зохион байгуулсан Олон улсын биологийн 32 дугаар олимпиадаас манай сурагчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль авчээ. Манай улсаас дөрвөн хүүхэд уг олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд “Орчлон” сургуулийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль хүртлээ.
Эргэн сануулахад, олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадыг Сингапур улс өнгөрсөн зургадугаар сарын 19-25-нд цахимаар зохион байгуулж, 88 орны 353 хүүхэд өрсөлдсөнөөс “Сант” сургуулийн сурагч А.Нямдаваа мөнгөн медаль авсан юм. Олон улсын химийн олимпиад өчигдөр эхэлсэн бөгөөд ирэх наймдугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ. Энэ нь манай сурагчдын ухаан сорих тав дахь олимпиад юм
Бэлтгэсэн Ч.Зул