
УИХ-ын гишүүн Н.Ганибал нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьжээ. Тэрбээр нийгмийн хамгааллын салбарын багц хуулийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх, сурталчлах чиглэлээр Засгийн газар болон холбогдох яам, агентлагаас ямар арга хэмжээ авч байгааг тодруулсан байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу сүүлийн таван жилийн байдлаар хэчнээн хүн ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдсан, үүнд хэдий хэмжээний төгрөг зарцуулсныг лавлажээ. Түүнчлэн “Улс төрийн сонгууль, эрх баригч намын нөлөөллөөр төрийн албан хаагчдыг хоморголон халах явдал манай улсад цөөнгүй тохиолдох боллоо. Ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол ажилтнуудын ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүргийг ажил олгогч хүлээдэг. Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн хэчнээн хүнд шүүхийн шийдвэрийн дагуу цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож олгосон ба төр болон Нийгмийн даатгалын санд учруулсан тэрхүү хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлсэн, эсэх”-ийг тодруулсан байна.
Үүнээс гадна эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд цар тахлын голомтод ажиллаж байгаад халдвар авсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзэх үндэслэлтэй, эсэх, хэчнээн эмч, сувилагч үүргээ гүйцэтгэх явцдаа “Ковид- 19”-өөр өвчилсөн, тэднийг эмчлүүлж буй үед цалинг нь хэрхэн тооцож олгосныг асуулгад дурджээ.
УИХ-ын тухай хуулийн 39.3-т заасны дагуу буюу 30 хоногт багтаан (энэ сарын 29-ний дотор) Ерөнхий сайд, Засгийн газраас асуулгын хариуг ирүүлэх юм.
Бэлтгэсэн Б.Анх