
“Улаанбаатар” дүрслэх урлагийн олон улсын наадмын хүрээнд зураач Э.Цолмонбат “Impressions evening” бие даасан үзэсгэлэнгээ “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэжээ. Түүнтэй үзэсгэлэн болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Өмнө нь хамтарсан үзэсгэлэнгүүдээс л таны бүтээлүүдийг хардаг байлаа. Бие даасан үзэсгэлэнгээ арай хожуу гаргачихав уу даа?
-Хамтарсан 30 шахам үзэсгэлэнд оролцсон. Харин энэ удаа бие дааж гаргалаа. Том хэмжээтэй 30 бүтээлээс бүрдсэн үзэсгэлэн.
-Сүүлийн хэдэн жилийн хугацаанд туурвисан бүтээлүүдээ энд дэлгэсэн бол?
-2020 оны зургадугаар сард Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн найз минь надад энэ үзэсгэлэнг гаргах санал тавьсан. Тэрбээр миний багш, зураач Л.Ганболдын уран бүтээлд дуртай, түүний үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байсан юм. Гэсэн ч багш минь өөд болж, тухайн үед ажил болгож чадаагүй юм билээ. Түүнд амласнаа биелүүлэхээр багшийн минь хоёр охинтой хамтран үзэсгэлэнг нь гаргасан. Харин энэ удаа багшаасаа сурч, авч үлдсэн зүйлсээ уран зурагт дурлагсдад үзүүлэх санал надад тавьснаар сүүлийн хоёр жил орчмын хугацаанд туурвиснаа энд дэлгээд байна.
-Таны уран бүтээлийн өнгө аяс, онцлогийг ярихын тулд багшийг тань дурдахгүй байж боломгүй. Хүмүүс таны багшийг “Өнгөний мастер” ч гэдэг. Л.Ганболд багшаасаа “юу” авч үлдсэн бэ?
-Миний багш 1990 оноос Монголд импрессионизмыг хөгжүүлж, энэ урсгалаар туурвисан. Импрессионизм XIX зууны хоёрдугаар хагаст Францад үүссэн шүү дээ. Багш минь энэ урсгалаар зурах арга барилыг монгол уран бүтээлчдэд зориулан боловсруулж, шавь нараа сургаж явсан. Багшийнхаа шавь болсон минь их аз, хувь тохиол гэж боддог. Зурах арга барил, өнгөний горим, байгальд зурах дадлага, судалбараас боловсруулан томоохон хэмжээтэй бүтээлүүдээ хэрхэн шийдэж дүрслэх зэргээс нь суралцаж, өвлөн авч үлдэхийг хичээсээр ирсэн. Багш минь намайг анх гарын шавиар авахдаа “Өнгөтэй хүүхэд байна. Хүн болгон зураач болохгүй. Зураач болгон өнгө мэдрэхгүй. Энэ бол бэлэг. Гэхдээ үүнийг яаж хөгжүүлэх нь чамаас шалтгаална” гэж билээ. Тухайн үед яагаад тэгж хэлснийг нь ойлгоогүй ч одоо бол тэгж тоосонд нь талархаж явдаг даа.

-“Impressions evening” үзэсгэлэнд дэлгэсэн 30 бүтээлдээ очиж үзсэн бодит газруудаа дүрсэлсэн үү. Эсвэл төсөөллөөрөө “амилуулсан” уу?
-Бүгд байгалийн зураг. Бүгд бодит. Манай орны байгалийн үзэсгэлэнт болон Монголын түүхэнд холбоотой газар нутгуудыг зурахыг хүссэн. Үзэсгэлэнтэй байгаль хараад л сэтгэл хөдлөөд зурчихдаг юм биш шүү дээ. Нэлээд судалгаа хийдэг.
-Тэгвэл одоо хаанахын, байгалийн ямар өвөрмөц тогтцыг зурахаар төлөвлөж байгаа вэ?
-Уралын нурууг зурах санаатай.
-Импрессионизм бол олон өнгийн “тоглолт” гэж та түрүүн хэлсэн. Та бүтээлүүддээ олон, тэр дундаа тод өнгө ашиглажээ.
-Импрессионизмыг үүсгэсэн францууд энэ урсгалаар зурахдаа бийрээр маш жижиг, нягт “бичдэг”. Будгийг холихгүй, дан өнгөөр “тоглодог”-оороо онцлог. Харин би эдгээр онцлогийг хадгалахын зэрэгцээ багшийнхаа өвлүүлсэн арга барилыг хослуулахыг хичээлээ. Гэхдээ бүтээл бүрт хийцийн ялгаа буй. Зураг болгоноо өнгийн сонирхолтой зохицол, шийдэлтэй байлгахыг зорьсон. Импрессионизмоор зурах, олон өнгөөр “тоглох”-ын тулд зохиомжоо маш сайн бодож, төлөвлөх ёстой. Маш олон өнгө давхарласан ч тэр нь харахад маш сонирхолтой, үзэсгэлэнтэй байхыг хүссэн. Цэнхэр, ногоон, шар, ягаан гэхчлэн тод өнгийг голчлон ашигласан. Улаан бол харахад их хэцүү өнгө. Гэхдээ үүнийг үзэгчид хэрхэн таатай байдлаар харуулах нь зураачийн чадвар.

-Ягаан өнгийг түлхүү ашигласан нь бас их сонирхолтой юм.
-Их сонин. Өмнө нь бор, бараан өнгөөр голчлон зурдаг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд нэлээд өөрчлөгдсөн. Үүнд нэг том нөлөө бий. Би нэлээд хожуу гэрлэж, охинтой болсон юм. Охиноо төрсний дараагаас л уран бүтээлдээ хурц тод, цоглог, гэгээлэг, тэр дундаа ягаан өнгө илүү их ашигладаг болчихсон. Өөрөө ч мэдэлгүй өөрчлөгдчихсөн. Тухайн үеийн мэдрэмж, сэтгэл зүйн байдал уран бүтээлийн өнгө аясад ингэж нөлөөлөх нь бий. Уран бүтээлч хүн мэдрэмжтэйгээс гадна нинжин сэтгэлтэй, эерэг хандлагатай байх хэрэгтэй. Тийм зураачаас л сайн, сайхан бүтээл “төрнө” шүү дээ.
-Багш тань бүтээлүүдээ “Үдэш”, “Аадартай өглөө” зэргээр тухайн мөчийг санагдуулам нэрлэдэг байсан. Та үзэсгэлэнгээ “Impressions evening” гэж нэрлэсэн нь үүнтэй холбоотой юу?
-Холбоотой шүү. Багш минь бүтээлүүдээ яг тэгж нэрлэдэг. Ганц миний багш гэлтгүй энэ урсгалаар зурдаг гадаадын алдартай зураач нарын олонх нь ингэж нэрлэдэг. Тухайн хором мөчийг “буулгадаг” учраас тэр байх л даа. Францын энэ урсгал болон багшийнхаа холбоог анхны үзэсгэлэнгийнхээ нэрээр илэрхийлэхийг хүссэн юм.
-Ажих нь ээ, сүүлийн үед уран зургийн хэмжээ эрс жижгэрч байх шиг. Олон улсын үзэсгэлэн, фестиваль, биенналиуд ч уран бүтээлчдэд зургийн хэмжээ заадаг, жижгэвтэр хэмжээтэй байх шаардлага тавьдаг болчихож. Харин энэ удаа нэлээд том бүтээлүүд дэлгэсэн тань сонирхолтой санагдаж байна.
-Би аль болох л том зураг зурах хүсэлтэй, задгай хийцэд дуртай. Энэ нь давуу болон сул талтай. Мэдээж бүтээлийн хэмжээ том байх тусам зураачид тааваараа, дураараа зурах боломжтой. Зурахад ч сонирхолтой. Нөгөөтээгүүр, манайд том хэмжээтэй уран зургийг авах, ханандаа өлгөх боломжтой цуглуулагч, галерей хэд билээ.

-Манайд 50 гаруйхан уран зураг идэвхтэй цуглуулагч, галерей бий гэдэг. Таны бүтээлүүдийг дотоодын цуглуулагч нар хэр сонирхдог вэ. Ихэвчлэн гадаадын цуглуулагч нар авдаг гэдэг юм билээ.
-Зураачийн Төрийн шагналт, Ардын зураач гэхчлэн цол, гуншинг нь харж бүтээлийг нь авдаг хүн байна. Эсвэл уран зургийг аль нэг төрлөөр дагнан цуглуулдаг хүн ч байдаг. Маш өндөр мэдрэмж, мэдлэгтэй нь байхад дүр эсгэдэг нь ч бий. Миний бүтээлүүдийг Монголын цуглуулагч нарын олонх нь хадгалж байгаа.
-Та БНХАУ-ын Бээжингийн биеннальд эх орноо төлөөлөн оролцсон цөөн зураачийн нэг. Одоо олон улсын үзэсгэлэн, биеннальд оролцох төлөвлөгөө бий юү?
-2012 онд Бээжингийн биенналь “Ирээдүй ба бодит байдал” сэдвийн дор болсон. Тав дахь удаагийн тус биеннальд 84 орны 700 гаруй бүтээлийг шалгаруулж дэлгэсний дотор Монголоос ганц миний “Амин хэлхээ” зураг багтсан юм. Тэнд очоод онгирохоос илүү улам хөгжих ёстойг ухаараад ирсэн дээ. Нүдийг минь нээсэн гэхэд ч болно. Дахин оролцох, эсэхийг хэлж мэдэхгүй юм. Биенналь, фестивальд зориулж зурдаггүй учраас. Сайн бүтээлийг тэд сонгож, дэлгэдэг.

-Дараагийн үзэсгэлэнгээ хэзээ гаргах бол?
-Ирэх таван жилийн төлөвлөгөөгөө гаргачихсан. Үүнд үзэсгэлэнгүүд ч багтсан. Түүхэн сэвдээр зурах дэврүүн хүсэл байна. Аж байдлын сэдвээр туурвих бодол ч бий. Энэ удаагийн үзэсгэлэнгээ хамгийн түрүүнд ахмад уран бүтээлчдэдээ үзүүлж сэтгэгдлийг нь сонслоо. Мөн судлаач нар, уран зурагт дурлагсдад үзүүлсэн. Ам сайтай байгаад баярлаж л сууна. Тэдний сэтгэгдэл, шүүмжээс дараа дараагийн үзэсгэлэнгийнхээ урмыг авч байна. “Impressions evening” үзэсгэлэнг хэд хэдэн улсад гаргах санал ирүүлсэн. Хаана, хэрхэн гаргахыг продюсер, куратор Х.Дамдинсүрэн шийдэх байх.