
Хэнтий аймгийн Баян-Овоо сумд хүнсний талон буюу эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 11 өрх байдаг аж. Эдгээр өрхийн хөдөлмөрийн насны 29 иргэнийг сургалтад хамруулж, 23-ыг нь ажлын байранд зуучилснаар улс, аймгийн хэмжээнд улсаас хүнсний талон авдаггүй анхны сум болж чаджээ. Сургалтыг тус сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Даваасүрэн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, тогооч, малчин, туслах ажилтан, хөгжмийн багш, олборлогч, үйлчилгээний ажилтан зэрэг ажлуудад зуучилсан байна.
Амьжиргааны түвшин доогуур иргэд төрийн халамжийг хүлээж амьдрах бус хөдөлмөрлөж, цалин хөлс авч, хамт олны дунд хөгжиж, өөрийн хүслээр таатай амьдарч болдог гэдгийг иргэдэд ойлгуулж, бусад сумдад үлгэр дуурайл болох зорилго нь ийнхүү биелжээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар "Халамжаас хөдөлмөрт" арга хэмжээний хүрээнд 2021 онд 166 өрхийн 985 иргэнийг хүнсний талоны үйлчилгээнээс түдгэлзүүлэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулсан байна. Одоогоор тус аймгийн хэмжээнд уг үйлчилгээнд хамрагддаг 1.532 өрхийн 8.049 иргэн байгаа ба энэхүү тоог багасгах зорилт тавьжээ.