
Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.97 их наяд төгрөгт хүрч, түүхэн дээд түвшин тогтоов. Ийнхүү хөрөнгийн зах зээлийн үнэлгээ дөрвөн их наяд төгрөгт дөхөхөд АПУ компанийн хувьцааны ханшийн өсөлт голлон нөлөөлжээ. Тус компанийн хувьцааны ханш энэ оны эхэнд 600 төгрөг орчимд хэлбэлзэж байсан. Тэгвэл өдгөө 990-д хүрч, зах зээлийн үнэлгээ нь 1.06 их наяд төгрөг давлаа. Ингэснээр АПУ компани Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 25 хувийг дангаараа бүрдүүлдэг болов.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй есөн компани 50 тэрбум төгрөгөөс дээш зах зээлийн үнэлгээтэй байна. Эдгээрийн зах зээлийн үнэлгээний нийлбэр 2.5 их наяд төгрөгтэй дүйж буй юм. Монголын хөрөнгийн биржид 185 компани бүртгэлтэй. Тэгэхээр хөрөнгийн бирж цөөн хувьцаанд түшиглэж үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Одоогоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Тавантолгой” компани 372.3, “МИК холдинг” 289.9, “Инвескор ББСБ” 224, “Ард санхүүгийн нэгдэл” 209.7, “Говь” 194.2, “Монгол шуудан” 109.5, “Сүү” 95.7, “Мандал даатгал” 56.1 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болжээ. Хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнийг ихээхэн сонирхох болсон. Тиймээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээ цаашдаа ч өснө гэсэн хүлээлт бий.