
Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудын талаар “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас ээлж дараалан танилцуулж байгаа. Энэ удаад эмэгтэйчүүд, жендерийн эрх тэгш байдлыг хангах, залуусыг дэмжих чиглэлээр юу амласныг нь тоймлон бэлтгэсэн аж. Түүний мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудын 1.6 хувийг эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлого эзэлж буй гэнэ. Тухайлбал, “Эрүүл эх, нялхас” үндэсний хөтөлбөрийг санаачлан боловсруулж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг дэлхийн түвшинд нийцүүлэн сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгөхөө тэрбээр амлажээ. Мөн жендерийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлыг анхааралдаа авна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан аж.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн 3.1.9-д “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, “Залуучуудын үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ” гэж заажээ. Түүнчлэн “Орлоготой оюутан” хөтөлбөр санаачилж, оюутан залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжихээ тэрбээр амласан байна. Үүнээс гадна инновац, бүтээлч байдал, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй эрхлэх ур чадвар, гарааны бизнес эрхлэлт, хөдөлмөрийн хөлсийг шударгаар үнэлэх бодлогыг дэмжихээ тусгасан юм.
Монгол Улсын нийгэм, эдийн засагт нэн шаардлагатай, дутагдаж байгаа тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцдаг тогтолцоонд шилжих хууль санаачлахаа амласан нь залуусын дунд хүлээлт үүсгээд буй билээ.