
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”- ний хэрэгжилтийн талаар хуралдаанд танилцуулжээ. Уг төлөвлөгөөний хүрээнд 3.3 их наяд төгрөгийн зээл олгосон аж. Ингэснээр 216 мянган ажлын байрыг хадгалаад буйг Сангийн яамнаас танилцууллаа. Тухайлбал, ажлын байрыг дэмжих зорилгоор хоёр их наяд төгрөгийн зээл олгох ёстой. Үүнээс 1.7 их наяд төгрөгийг нь зах зээлд нийлүүлээд байгаа гэнэ. Мөн ипотекийн 561, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор 319 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Замын-Үүдийн хилийн боомтын нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Ачаа тээврийн машиныг ариутгаж, халдваргүйжүүлэх хаалгыг барьж дуусгасан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчлах үеэр хилийн боомтод үүсээд буй “түгжрэл”, экспортын нөхцөлийг сайжруулах чиглэлээр тус улсын талтай тодорхой ойлголцолд хүрсэн билээ. БНХАУ-ын талаас хилийн боомтуудад халдвар хамгааллын дэглэм сахиулж, цар тахлын эрсдэлийг бууруулах шаардлагыг манай холбогдох албаныханд тавьсан аж. Замын-Үүдийн боомтод үйлчилж буй халдвар хамгааллын дэглэм, хязгаарлалтыг үргэлжлүүлэх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд, дарга нарт өглөө.
Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийн ажлын явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хуралдаанд танилцууллаа. Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, хууль бус үйлдлийг нь мэдээлсэн, илчилсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгч, “шүгэл үлээгч”-ийг хамгаалах, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, эрэн сурвалжлах, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хангах зорилгоор холбогдох хуулийн төслүүд боловсруулахыг ажлын хэсгийн ахлагч, сайд Х.Нямбаатарт даалгав. Мөн шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэсплазм” ХХК-д таван жилийн хугацаатай олгосон юм.