
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеаг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Европын Холбооноос Монголд суух төлөөлөгчийн газрыг нээж, анхны суурин Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Монголын экспортын чадавхыг бэхжүүлэх, Европын Холбооны орнуудад бараа, бүтээгдэхүүн импортлох чиглэлээр идэвх зүтгэлтэй ажилласныг нь сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Монголд ажиллах хугацаанд дэмжлэг үзүүлсэн Гадаад харилцааны яамны хамт олонд Элчин сайд Т.Л.Христеа талархлаа илэрхийлсэн юм.
Дараа нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой цахим уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, байгаль орчин, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо сайд Б.Батцэцэг илэрхийлэв. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэх талаар сайд нар ярилцсан юм.
Бэлтгэсэн Б.Анх