
Сонгуулийн автоматжуулсан төхөөрөмж буюу “хар машин”-ыг программчилж, 2020 оны УИХ-ын сонгуулиар хүссэн нэр дэвшигчдээ хууль бусаар ялуулсан талаар иргэн Г.Ган-Очир өнгөрсөн тавдугаар сард хэвлэлийн бага хурал хийсэн. Үүнийхээ дараа тэрбээр Тагнуулын ерөнхий газарт дуудагдаж, мэдүүлэг өгч буйгаа цахим сүлжээгээр дамжуулан хэлж байв. Г.Ган-Очир өчигдөр 11.00 цагт аавынхаа нас барсан шалтгаан, сонгуулийн луйврын талаар мэдээлэхээр хэвлэлийн бага хурал зарласан. Гэвч мэдээлэл хийхээс нь өмнө түүнийг цагдаа нар баривчилсан байна.
Түүнтэй хамт хэвлэлийн бага хурал хийхээр бэлтгэж байсан иргэн Д.Отгонтуяа “Мэдээлэл хийх цагаа өчигдөр (уржигдар) орой нийтэд зарласны дараа Г.Ган-Очирыг хамгаалж, найман хүн хамт хоносон. Түүний гэр Яармагт байдаг. Гэрийнх нь гадна өчигдөр (уржигдар) орой цагдаа нар очсон гэх мэдээллийг тэрбээр авсан тул бид хамтдаа ээжийнх рүү нь явсан. Хэвлэлийн хурал хийх бэлтгэлээ хангахаар биднийг явсны дараа цагдаа нар түүнийг баривчиллаа. Түүнийг эрүүлжүүлэх байранд хоносон гэх худал мэдээллийг нийтэд түгээж байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү Г.Ган-Очирыг аваачсан. Бид сонгуулийн “хар машин”-ыг хэрхэн луйварддагийг баримттайгаар ил болгох гэж байсан юм. Түүний эрх, эрх чөлөө, Монголын ард түмний мэдэх эрхэд бүдүүлгээр халдаж байна. Аавыг нь хордуулж ална гэж эрх бүхий албан тушаалтан гурван сарын өмнө сүрдүүлсэн гэсэн. Гэтэл аав нь 10 хоногийн өмнө бурхан болсон” гэв.
Бэлтгэсэн Б.Нандин