
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр барьсан болон шаардлага хангаагүй объектуудыг чөлөөлж эхэлсэн билээ. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Өрнөхөөс тодрууллаа
-Газар чөлөөлөх ажил хэзээнээс эхэлсэн бэ. Аль аль дүүрэгт хэрэгжүүлж байна вэ?
-Уг ажлыг нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250, А/251 дүгээр захирамжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Зөвшөөрөлгүй барьсан объектуудыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос буулгаж эхэлсэн. Нийслэлийн есөн дүүрэгт уг ажлыг хэрэгжүүлж байна.
-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хэдэн объектыг буулгаж, газрыг нь чөлөөлөв?
-Одоогоор есөн дүүрэгт 1131 объектыг нурааж, 26 191 ам метр газрыг чөлөөлсөн.
-Чөлөөлсөн газрыг хэрхэн ашиглах вэ?
-Чөлөөлсөн газруудын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, тохижилт хийх боломж бүрдүүлж байна. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг чөлөөлсөн. Тус талбайг зүлэгжүүлж, явган хүний зам тавьж байгаа.