
Ойрын өдрүүдэд хот, хөдөөгүй бороо элбэгшиж, дэд бүтэц, инженерийн байгууламжийн чанарт дүн тавьсаар байна. Уржигдар гэхэд Улаанбаатарт түр зуурын бороо орсны улмаас нийслэлчүүдийг хэрэглээний халуун, хүйтэн усаар хангадаг системд доголдол үүсэж, Нисэх орчмын орон сууцын хорооллынхон 20 гаруй цаг усгүй байв. Тодруулбал, гэмтэл энэ сарын 3-ны 16.40 цагийн орчимд гарсан бөгөөд 17.30 гэхэд тухайн хэсгийн усыг бүрэн хязгаарлан, засварын ажлыг эхлүүлж, өчигдөр 10.00 цагт дуусгажээ.
Хан-Уул дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн лавлахаас тус гэмтлийн талаар өчигдөр 12.00 цагийн үед тодруулахад “Засвар 10.00 цагт дууссан. Шугамд ус шахаж, хэвийн ажиллагааг хангасан. 1-2 цагийн дараа хэвийн горимд шилжинэ” гэсэн бол УСУГ-ын Дуудлагын нэгдсэн төвийнхөн “Байгалийн үзэгдлээс үүдэлтэй гэнэтийн осол боллоо. Насос станц үерт автсанаас шугамд даралтаас үүдэлтэй ачаалал үүсэж, хэвийн ажиллагаа алдагдсан. Манай инженерүүд гэмтлийг засахын тулд шөнөжин ажилласан. Одоо хамгийн сүүлийн шатны ажил болох хэмжилтүүдийг хийж байна” гэсэн юм. Үүнээс хойш зургаан цагийн дараа оршин суугчдаас нөхцөл байдлыг тодруулахад зарим байрны айлууд устай залгаагүй байв. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн “Засвартай холбоотой ажил бүрэн дууссан. Удахгүй жигдэрнэ” гэсэн хариу өглөө.