
Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Болортуяа "Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн барилдааны -53 килограммын жинд зодоглож буй. Тэрбээр эхний барилдаанаа Гуамын бөх Ркаела Акуинотой хийж, 10:0 харьцаагаар цэвэр яллаа. Түүний өрсөлдөгч нь Далайн орнуудын АШТ-ны хошой аварга нэгэн байв. Барилдаан эхлээд удаагүй байхад Б.Болортуяа өрсөлдөгчөө мушгиж даран дөрвөн оноогоор унагаж, улмаар үргэлжлүүлэн даралтаар цэвэр яллаа. Үргэлжлүүлэн тэрбээр Эквадорын бөх, Пан Америкийн наадмын аварга Луиза Валвердетэй хагас шигшээд шалгарахын төлөө барилдана.