
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батчимэг нар Улаанбаатар хотын музейд ажиллалаа. Улаанбаатар хотын музей нь 1956 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3394 үзмэрийг хадгалан, хамгаалдаг. Гэвч музейн зай талбайн хүрэлцээгүй байдлаас үүдэн нийт үзмэрийнхээ 5-8 хувийг танхимд дэлгэсэн бол үлдсэнийг нь сан хөмрөгтөө хадгалдаг аж. Тус музейд хадгалж буй хамгийн эртний олдвор таван сая жилийн өмнөх үед холбогдох арслан зааны чулуужсан яс гэнэ. Түүнчлэн чулуун зэвсгийн үе, хүрэл, төмөр зэвсгийн үе болон хүннү гүрний үед холбогдох эд өлгийн зүйл ч хадгалагддаг байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяанд байсан тус музейг 2020 оноос Улаанбаатар хотын харьяанд шилжүүлжээ. Тухайн жилдээ төсвийн тодотголд багтсанаар музейн үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, бүтэц, зохион байгуулалтын асуудлыг тодорхой хэмжээгээр сайжруулсан хэмээн холбогдох албаныхан мэдээлэв. Тодруулбал, нийслэлийн харьяанд орсноор анх удаа музейн үзмэр хадгалж, хамгаалалтын ажлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг болсон бөгөөд нэмэлтээр долоон төрлийн орон тоо шаардлагатай байсныг төсвийн тодотголд тусгаж, ажилчдын цалин хөлс, ажлын ачааллыг шийдвэрлэсэн гэнэ.
Дээрх музейн үйл ажиллагаатай албаныхан танилцах үеэр тус музейн захирал С.Цацралт Цаашид хотын түүхийг өгүүлэх, стандартад нийцсэн, түүх дурсгалаа хадгалсан барилгатай болох шаардлагатай байгааг хэллээ.