
Манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлага сайн байна. Энэхүү үзүүлэлт сарын өмнө 60 хувьтай байжээ. Тэгвэл өнгөрсөн сард нийт нутгаар, тэр дундаа сүүлийн 10 хоногт нь говийн аймгуудад хур тунадас ахиу орсноор зуншлагын байдал 10 гаруй хувиар сайжирсан гэнэ. Өдгөө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн бүх, Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий, Дорнодын ихэнх сумд газрын гарц сайн байгаа аж. Хур тунадас элбэг орсон тул газар тариалангийн бүс нутагт буудай сайн ургасныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн юм. Харин манай улсын нийт нутгийн таван хувь нь гандуу гэнэ. Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Дундговь аймгийн цөөн хэдэн сум үүнд хамрагджээ. Өнгөрсөн оны мөн үед нийт нутгийн 50 хувьд нь зуншлага сайн, харин бусад бүс нутаг гантай болон гандуу байв.
Бэлтгэсэн М.Оч