
Цахим шилжилттэй холбоотой хуулийн төслүүдийг боловсронгуй болгох чиг үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн буюу УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, гишүүн Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, Э.Бат-Амгалан нар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.
Төрийн үйлчилгээний хөгжлийг дөрвөн үе шатанд хуваадаг аж. Тодруулбал, иргэн нэг материал бүрдүүлэхийн тулд төрийн олон байгууллагыг зорьж, хугацаа их зарцуулдаг нь эхний үе шат бөгөөд энэ нь хуучинсаг арга хэлбэр юм. Харин дараагийн үе нь нэг байршилд төрийн олон байгууллагын төлөөлөл бүхий ажилтнууд төвлөрч, цогц үйлчилгээ үзүүлэх явдал. Үүний тод жишээ нь нэг цэгийн үйлчилгээ билээ. Цахим шилжилтийн эрин зуунд энэ нь мөн л хоцрогдсон хэлбэр. Гуравдугаар үе шатанд нь операторын тусламжтайгаар тухайн ажилтан олон байгууллагын үйлчилгээг нэг дороос үзүүлэх хэлбэр багтдаг аж. Төрийн бүх үйлчилгээг нэгдсэн платформд шилжүүлж, иргэн хаанаас ч ямар ч төрлийн лавлагаа, тодорхойлолт, тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломжтой хэлбэр нь дөрөвдүгээр үе шат билээ. Энэ нь манайхаар бол “E-Mongolia” нэгдсэн систем бөгөөд өдгөө 400 гаруй үйлчилгээг үүнд нэгтгээд буй юм. Гэхдээ уг систем нь цахим шилжилтийн зөвхөн нэг хэсэг гэдгийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ)-ын дарга Б.Болор-Эрдэнэ онцлов. Тэрбээр “Техник, технологи хөгжсөн, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед бид үндэсний хэмжээнд, бүх салбарт цахим шилжилт хийж, хурдацтай урагшлах ёстой. Цахим үндэстэн болохын эхлэл нь иргэдийг тоон бичиг үсгийн чадавхтай, ур чадвартай, бүтээлч болгон бэлтгэх явдал. Мөн дижитал эдийн засгийг хөгжүүлэх учиртай. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч гэх мэт бүх салбартаа мэдээллийн технологийн ололт амжилтыг шингээж, хурдацтай хөгжих нь зөв. Төр, засгийн үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд санал гомдол хэлэх, өргөдөл гаргах, дуу хоолойгоо хүргэх, санал асуулгад оролцох буюу хүмүүсийн цахим оролцоог дээшлүүлэх нь мөн чухал. Тиймээс үүний хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай” гэв.
Цахим үндэстэн болохын тулд дижитал дэд бүтцийг сайжруулах, цахим засаглалыг бийболгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэх, инновац, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн дэд зорилт дэвшүүлсэн аж. Өнөөдрийн байдлаар манай улсын 323 сум шилэн кабелиар холбогдсон байна. Үлдсэн долоон сумыг нь үүнд холбохоор ажиллаж байгаа гэнэ. Аялал жуулчлалын бүс нутгуудыг нэн тэргүүнд өндөр хурдны интернэтэд холбох, олон улсын чанартай авто зам дагуу интернэтийн сүлжээ бий болгох, 5G сүлжээг нийслэлээс эхлэн суурилуулах, хиймэл дагуулын газрын станцууд байгуулах талаар дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулсан юм. Төрийн байгууллагууд хоорондоо албан бичгээ цахимаар солилцохоос гадна хувийн хэвшлийнхэн, иргэдтэйгээ и-мэйл хаягаар холбогдох бүтцийг ч бий болгох аж.
ХХМТГ-ынхан зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 2 хүртэлх хугацаанд нийслэлийн алслагдсан 50 гаруй хороонд ажиллаж, 4000 гаруй хэрэглэгчийн гар утсанд “E-Mongolia” аппликэйшн суулган, хэрэглүүлж хэвшүүлжээ. Одоогоор уг системээр иргэд 2.6 сая удаа үйлчлүүлсэн байна. Улсын бүртгэлийн лавлагаа, тодорхойлолтыг цахимаар үнэгүй олгож буй бөгөөд иргэний болон жолооны үнэмлэхийг дахин захиалаад, хүргүүлэх боломжтойг уулзалтын үеэр хэлэв. Гадаадад олон жил амьдарсан монгол иргэд хурууны хээгээ бүртгүүлээгүй, иргэний үнэмлэхээ солиулаагүй, тоон гарын үсэггүй байгаа тул төрийн үйлчилгээг цахимаар авахад хүндрэл учирч буйг уулзалтын үеэр тодотгож байлаа.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, гаднын халдлагаас хамгаалах үүрэгтэй Хяналт, удирдлагын төв байгуулах шаардлагатай юм байна. Мөн мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийдэг болох нь чухал гэдгийг энэ үеэр хөндсөн юм. Иргэд өөрийн мэдээллийг алдахаас сэргийлэх, аюулгүй байдлаа хангахын тулд тодорхой ойлголт, мэдлэгтэй болох учиртай гэнэ. Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулахын тулд ХХМТГ, БШУЯ хамтран тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим оролцоо, Монголын түүх, соёлыг бүтээлч контент болгон түгээх үйл ажиллагааг дэмжиж, сургалт хийхээр зорьж буй аж. Үүнээс гадна мэдээлэл холбооны өндөр технологи, инновацын кластер үүсгэх, нийгмийн асуудлыг шийдсэн гарааны бизнесүүдийн үйл ажиллагааг дэмжих учиртайг дарга Б.Болор-Эрдэнэ хэлсэн юм.
Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг өргөжүүлэн “Монгол шуудан” компанийн байранд байрлуулсан. Иргэдийн өргөдөл, гомдлыг цахимаар хүлээн авч, ямар шатанд шийдвэрлэж буйг нь харах боломж бүрдүүлсэн байна. Өдөрт иргэдээс 200 гаруй өргөдөл, гомдол ирүүлж буй бөгөөд ихэнх нь газар олголт, албан хаагчдын хүнд суртал, авлигатай холбоотой байдаг аж. Мөн иргэд гишүүд, сайд, дарга нартай тус төвд биечлэн, эсвэл гэрээсээ цахимаар уулзаж, санал, гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой гэнэ.
Бэлтгэсэн Б.Нандин