
Азийн олон улсын 29 дэх удаагийн үзэсгэлэнд манай улсаас оролцох уран бүтээлчдийн бүтээлийг “Монгол арт” галерейд нээлээ. Япон Улсын Фүкүока муж дахь Кюүшюгийн Азийн уран бүтээлчдийн холбооны тус улс дахь зөвлөл хорооноос зохион байгуулах уг арга хэмжээнд Төрийн шагналт, Ардын зураач До.Болд, МУЭ-ийн шагналт А.Чадраабал, тус эвлэлийн гишүүн Х.Эрдэнэ-Очир, нэрэмжит шагналт Х.Ганбат, сийлбэрч Т.Баттогтох, зураач Б.Энхтуяа, Л.Хонгорзул, Ц.Оюун-Эрдэнэ, Н.Мөнхтуул, Б.Цолмонбаяр нарын 20 гаруй хүний бүтээл сонгогджээ.
Олон улсын энэхүү үзэсгэлэн нь Азийн орчин үеийн урлаг, соёл, үнэт зүйлийг урлагаар дамжуулан сурталчлан таниулах, уран бүтээлчдийн харилцаа холбоо, соёлын солилцоог сайжруулан идэвхжүүлэх зорилготой аж.
Уран бүтээлчдийн төлөөлөл болгон зураач Б.Энхтуяатай холбогдлоо. Түүний “Бодьсадва-5” бүтээл сонгогдсон аж.
-Та бүтээлдээ өөрийн төрхийг шигтгэдэг үү. Хэзээнээс ийм хэв маягаар туурвих болсон бэ?
-Яг ч өөрийгөө зурдаггүй. Түрэг, уйгур эмэгтэйн дүр юм. 2013 онд зураач Ё.Далх-Очиртой хамтарч уран бүтээлийн үзэсгэлэн гаргахдаа бясалгал, тайтгарал, амар амгалан гэсэн сэдвээр нэлээд зурсан. Зураг зурах нь бясалгал. Бүхнийг мартаж, юунд ч сатаарахгүй тул бясалгал гэж үздэг учраас бодлоо лавшруулахаар уншиж судалсан л даа. “Бодь мөрийн зэрэг” номд Бодьсадваг өөрийгөө олохоор хайж буй хүн гэсэн байдаг. Аватар гэж төгс оюун ухаант хүнийг хэлнэ. Хөх хүмүүс ч гэдэг. Харин Будда нь төгс гэгээрсэн хүн. Эдгээрийн тухай уншиж байхад би ер нь Бодьсадвархуу хүн юм болов уу гэсэн зурвас бодол орж ирсэн юм. Хийж, хүсэж, тэмүүлж байгаагаа анзаарахад хэн болохоо мэдэхээр хайдаг юм шиг. Түүнээс хойш энэ сэдвээр түлхүү зурах болсон.
-Бас нэгэн бүтээлүүдийн тань дүр түрэг, уйгур эмэгтэй нэгэн гоёмсог цэцэг ширтэж харагдана. Ямар утгатай бол?
-Энэ бол вансэмбэрүү. Өндөр ууланд ургадаг энэ гоё цэцгээр оюун ухааны өндөр түвшнийг илтгэхийг хүссэн.
-Та төсөөлөл дэх эмэгтэйгээ яагаад заавал түрэг, уйгур байхаар сонгосон юм бэ?
-Хүний сэтгэхүй, оюун ухааны мөн чанар аль ч үе, зуунд адилхан юм гэсэн санаагаар одоогоос 2000-3000 жилийн тэртээд ч хүмүүс өөрийгөө хайсаар байсан гэсэн утгатай. Монголынхоо түүхийн нэгэн үед хамааруулъя гэж боддог юм.
-Тэр үеийн бүсгүйчүүдийн дүр төрх тантай төстэй болов уу?
-Магадгүй.