
Олимпын наадмын марафон гүйлтийн тэмцээн өнөөдөр боллоо. Эрэгтэйчүүдийн марафонд нийт 106 тамирчин оролцсоноос Ц.Бямбажав 42 км замыг хоёр цаг, 21 минут, 32 секундэд туулан 56-р байранд орлоо. Харин 39 настай Б.Сэр-Од замын дундаас тэмцээнээ дуусгав. 31 настай Ц.Бямбажавын энэхүү хугацаа нь түүний энэ улирлын хамгийн шилдэг үзүүлэлт бөгөөд нэгдүгээр байранд орсон тамирчнаас 12 минутаар хоцорсон байна.
Эрэгтэйчүүдийн марафоны алтан медалийг Кенийн тамирчин Элиуд Кипчогэ хоёр цаг, найман минут, 38 секундэд барианд орж хүртсэн бол Нидерландын Абди Нагэеэ нэг минут, 20 секунд хоцорч мөнгөн медаль хүртжээ. Харин Бельгийн тамирчин Башир Абди нэг минут, 22 секундийн дараа барианд орж хүрэл медалийн эзэн боллоо. Нийт 106 тамирчнаас 76 нь бариандаа орсон бол үлдсэн 30 тамирчин нь замын дундаас тэмцээнээ дуусгасан юм.