
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт ХЭҮК-ын гишүүдтэй уулзаж, хүний эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ үеэр Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, өндөр үнээр олж авсан ардчиллын суурь зарчмууд, үнэт зүйлээ хадгалахад Төрийн тэргүүний зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хүний эрх олон талаар зөрчигдөж байгаа нь нийгмийн тулгамдсан асуудал болсон учраас онцгой дэглэмийн үед ч үүнд анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг сануулсан юм. Цаашид хүний эрхийн чиглэлээр олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, энэ талаарх ойлголтыг хүүхдэд бага наснаас нь суулгах, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй иргэнийг төлөвшүүлэн бойжуулах нь хамгаас чухал гэдгийг онцолсон. Иймд Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр Хүний эрхийн үндэсний чуулганыг зохион байгуулдаг уламжлалыг сэргээх саналыг сайшаан дэмжлээ.
Хурдан морь унаач хүүхдүүдийн болон эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрх, ажлын байрны бэлгийн дарамт, төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй зөрчил зэрэгт анхаарал хандуулан ажиллаж байгаагаа ХЭҮК-ын гишүүд энэ үеэр хэлж байлаа. Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрхийн тогтолцоог тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах, цахим орчинд хүний эрх зөрчигдөх явдалтай тэмцэх, цар тахлын улмаас тулгарч буй сорилтуудыг даван туулах шаардлагатай байгааг дурдсан. Үүнтэй холбоотойгоор 2003 онд баталсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулах, Монгол Улс дахь хүний эрхийн индексийг боловсруулж, илтгэлийн хамт УИХ-д өргөн барьдаг болохоор төлөвлөж буй аж.
Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК бүх цаг үед анхаарч ажиллах ёстойг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сануулснаар энэ удаагийн уулзалт өндөрлөв.