
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээтэй тус ажлын хэсгийнхэн баасан гарагт танилцлаа. Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хотын алслагдсан гэр хорооллын бүсэд 280 хүүхдийн багтаамжтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөн, 16 байршилд ажлыг нь эхлүүлсэн ч зогсжээ. Учир нь эдгээрийг багтаасан, концессын зүйлийн жагсаалтыг 2019 онд Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгосон аж.
БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан “Эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр нэг компанитай гэрээ байгуулсан. Гэвч тус компани гэрээгээ цуцалсан тул туслан гүйцэтгэгчид нь ажлаа хэрхэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй байна. Концессын зүйлийн жагсаалтыг хүчингүй болгохдоо үүний санхүүжилтийг орон нутагт хийх хөрөнгө оруулалтаас шийдвэрлэхээр Засгийн газраас чиглэл өгсөн юм. Гэвч ингэж шийдвэрлэх боломжгүйг Нийслэлийн Засаг дарга БШУЯ-нд уламжилсан. Дээрх 16 төсөл, арга хэмжээнээс зөвхөн Сонгинохайрхан дүүргийн VI хороон дахь бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулахад бэлэн болголоо. Бусад төсөл, арга хэмжээг эхлүүлсэн ч 5-20 хувийн л гүйцэтгэлтэй. Хэрэв төсөв нь шийдэгдвэл гүйцэтгэгч компаниуд нь ажлаа дуусгах боломжтой. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор эдгээрийн төсөвт өртөг нэмэгдэж, хүндрэл үүсгэж болзошгүй. Одоогоор нэг төслийн хөрөнгө оруулалтад 4.5-4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай” хэмээв.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг “Эдгээр төслийн хөрөнгө оруулалтыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Цаашид бараа материалын үнэ өссөөр байвал төсөвт өртөг нь бүр л нэмэгдэнэ. Энэ ажлууд зогссоноор иргэд, хүүхдүүд л хохирно. Тиймээс байнгын хороодын хамтарсан тогтоолын төсөл боловсруулж, хөрөнгө оруулалтыг нь хэрхэн шийдвэрлэх талаар ажлын хэсгээс санал, дүгнэлтээ тусгана” гэсэн юм.

Дараа нь ажлын хэсгийн гишүүд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт ажиллалаа. Тус газрынхан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний биелэлтэд хяналт тавьдаг. Одоогоор 283 төсөл, арга хэмжээг тэд хариуцан, хэрэгжүүлж буй бөгөөд төсөвт өртөг нь 67.4 тэрбум төгрөг гэнэ. Үүнээс 92-ынх нь гэрээг хийсэн байна. Харин 26 төсөл, арга хэмжээний гэрээг байгуулах эрх олгосон, 74-ийнх нь тендерийн үнэлгээг хийж байгаа аж. Мөн тендерийн материалыг нь хүлээн авч буй 76 арга хэмжээ бий бол зургаагийнх нь холбогдох баримт бичгийг боловсруулж байгааг энэ үеэр танилцуулав.
БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан “Улсын төсвийг баталснаас хойш 10 өдрийн дотор худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсвийн ерөнхийлөн захирагч нар Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэх хуультай. Гэвч үүнийг дунджаар 28.5 хоногийн дараа ирүүлдэг. Мөн зураг төсөл, ТЭЗҮ-ийг нь боловсруулаагүй, байршил нь тодорхойгүй, газрыг нь шийдээгүй хэрнээ төсвийг нь баталдаг, захиалагч байгууллага холбогдох материалаа хуулийн хугацаанд хүргүүлдэггүй зэрэг шалтгаанаар худалдан авах ажиллагаа удааширдаг”-ийг хэллээ. Түүнчлэн энэ онд барилгын гол нэрийн материалын үнэ нэмэгдсэнээс болж их засварын ажлын гүйцэтгэгч олдохгүй, хугацаандаа ашиглалтад орохгүй байх эрсдэл үүсэж буй талаар онцлов.
Ажлын хэсгийн гишүүд сургууль, цэцэрлэгүүдийг хуваарьт засварт оруулах календарьчилсан төлөвлөгөөг хэр хэрэгжүүлдэг, цар тахлаас шалтгаалж бараа, материалын үнэ хэчнээн хувиар өссөн, сурагчдын “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотойгоор сургуулийн гал тогоог шинэчилж буй, эсэхийг тодруулсан юм.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван барааны үнийн өсөлт болон бусад шалтгааны улмаас гүйцэтгэгч олдохгүй байгаа төсөл, арга хэмжээг урагшлуулах гарц, шийдлийн талаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатайг хэллээ. Мөн судалгаагүйгээр, эсвэл олон жилийн өмнө төсөвт өртгийг нь тооцсон, бага үнийн дүнтэй төсөл, арга хэмжээг яаралтай шийдвэрлэх учиртайг хөндөв. Газрыг нь шийдсэн, тодорхой хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээг нэн тэргүүнд урагшлуулах нь чухал гэдгийг гишүүд хөндөж, байнгын хорооны тогтоол гарган, холбогдох газруудад чиглэл өгөхөөр боллоо.