
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Засаг даргын зөвлөх Б.Мягмар нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн удирдагч Виктор Лутенког хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага ХНХЯ-тай хамтран хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загварыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төслийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр сонгосон байна. Тиймээс НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас Нийслэлийн ЗДТГ-тай хамтран хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх чиглэлээр урт хугацааны гэрээ байгуулан ажиллах хүсэлтэйгээ онцоллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон хоёр аймгийн удирдлагад хүсэлт илгээсэн. Нийслэлд уг төслийг хэрэгжүүлэхээр тохиролцвол есдүгээр сараас ажлыг нь эхлүүлнэ” хэмээв. Саналыг холбогдох албаныхантай хэлэлцэн зөвшилцөж, тодорхой шийдэлд хүрсний дараа хариу мэдэгдэхээ орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.
НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагынхан сүүлийн жилүүдэд дотоодын шилжилт хөдөлгөөний учир шалтгаан, үр дүн, тулгарч байгаа гол асуудлыг нарийвчлан судалсан гэнэ.
Бэлтгэсэн Б.Анх