
Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент” алтны “Баянхөндий” төслийн болон бусад хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай байрладаг Баянхонгор аймгийн удирдлагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Тус компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли “Бид 10 гаруй жил ажилласан энэхүү бүс нутгийн оролцогч талуудад үр өгөөж бий болгох нөхцөл бүрдэж буйд баяртай байна. Орон нутгийн удирдлагатай урт хугацаанд хамтран ажиллаж, харилцан ашигтай харилцааг бий болгоно” гэжээ. Мөн Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайхан “Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэ ресурс девелопмент” манай аймагт хариуцлагатай ажиллаж, орон нутгийн оролцогч талуудтай эерэг харилцаа үүсгэж чадсан. “Баянхөндий” алтны төсөл нь шинэ ажлын байр бий болгох зэрэг эерэг нөлөөтэй” хэмээн дурдсан байна.
Дээрх гэрээнд “Эрдэнэ ресурс девелопмент” тусгай зөвшөөрлийн болон төсөл хөгжүүлэх бусад үед шаттай уялдуулан орон нутагт хөрөнгө оруулахаар тусгажээ. Мөн компани, иргэдийн төлөөллөөс бүрдсэн төрийн бус байгууллагаар дамжуулан орон нутгийн хөрөнгө оруулалтыг удирдах, худалдан авалт, ажил эрхлэлтийг дэмжин ажиллах зэргийг тусгасан аж.
Бэлтгэсэн Б.Сонор