
Олон жил өнгөрч дээ, 1991 онд ийм нэгэн хэрэг явдал Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх бригадын нутагт ахуй Баруун хүрээнд болсон юм.
1990 оны ардчилсан сонгуулийн дараа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын сүүлчийн Ерөнхий сайдаар Дашийн Бямбасүрэн томилогдоод, 1991 оны хавар оройхон уу, зун эртхэн үү Шанхын Баруун хүрээнд, баруун талаасаа буюу Хужиртаас морилсон санагддаг юм. Тэгэхэд миний бие 16 настай, Баруун хүрээнд шавилаад, жил тойрох л гэж явсан үе. Засгийн тэргүүн ирж байгаа болохоор өвгөчүүл өндөр ач холбогдол өгч, бэлтгэж билээ. Зах зухаас нь хэлбэл, түшлэгтэй намхавтар, өргөн модон сандал шинээр хийлгэж, Ерөнхий сайдыг хүрээнд морилохын өмнөх өдөр нь зүүн мөрний дээд талд тавиад, хээтэй хар хөх олбог, хоёр захаараа луутай, мөн хар хөх хивсэн аравчаар түшлэгийг нь бүрснийг тод санаж байна. Төрийн хүнийг сүм хийдэд залах болбол суудалд нь хөх олбог, түшлэг тавьдаг юм байна гэж тэгэхэд мэдэж билээ. Хожим нь өнөө л анх тавьсан байрандаа байх дээр, шар цоохор олбог тавьж, Шарав гэлэн гуай хуралд морилохдоо суудал барина. Ихэвчлэн оройн ерөөлтэй өдөр Шарав гуай хуралд морилж, “овоо тавих” гэх гэлэн хүн үйлддэг зан үйлийн уншлагыг уншдаг болж билээ. Одоо тэр модон суудал бий л байх, ямартай ч хоёр захаараа луутай аравч нь гэсгүйн суудлын түшлэгт харагдана лээ.
Тэр үед өвгөчүүл маань хурал номоо танилцуулж, нандин шүтээнээ үзүүлж, мөргүүлсэн биз. Тэгэхдээ 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үрээр, мөн оны арванхоёрдугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо сэргээхдээ мандуулсан олноо өргөгдсөн Монгол Улсын Төрийн далбааг үзүүлсэн байх л даа. Энэ талаар би нарийн ширийн мэдэхгүй. Ямартай ч “Хот руу авч явж, хуулбарлаад, эргүүлж өгье” гэлээ гэж өвгөчүүл дараа нь ярихыг сонссон. Өвгөчүүл маань төр, засгийн тэргүүн нь морилоод, тугийг нь үзээд, тэгж хэлэхэд үгүй гэж зөрөхгүй л дээ, зөвшөөрсөн хэрэг биз, 1991 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр 29 тоот албан бичгийг Баруун хүрээнд гараар үйлдэж, БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатад хаяглан, эрдэмтэн Рэнчин, Ичинноров нарт тугаа өгч явуулсан байна. Тэрхүү хөх тосон балаар бичсэн бичигт “Хүндэт Ерөнхийлөгч таны түмэн амар амгаланг айлтгаж, төр, засгийнхаа их ажилд амжилт гаргаж явахыг Баруун хүрээний нийт лам хувраг хүсэн ерөөе. Таны айлдвараар Баруун хүрээний тугийг эрдэмтэн Рэнчин, Ичинноров нараар бариуллаа. Хүлээн аваад дараа бидэнд эргүүлэн өгөхийг хүсье” хэмээгээд тэргүүн лам Л.Нацаг гэж бичээд, багш маань гарын үсгээ “Нацагдорж” гэж зурсан байна. Багшийн нэр, гарын үсгийн доор “хүлээн авсан эрдэмтэн” гэж бичээд, ташуу хаалтад “Рэнчин, Ичинноров” гэж бичсэний доор нь хар үзгэн балаар “М.Рэнчин 1991.11.09” хэмээн бүтэн бичсэн, Ичинноров нь гарын үсгээ зурсан байна. Ингээд 1920-иод оны үед Нийслэл хүрээнээс Баруун хүрээнд хүргэгдсэн олноо өргөгдсөн Монгол Улсын Төрийн далбаа дахин дөрвөн уулын дунд залрах нь тэр ээ.
Тэр л цагийн явдал юм, Очирбат гэдэг нэртэй хүн Ерөнхийлөгч боллоо гэхэд өвгөчүүл “Сайн цаг ирж, Бат-Очир гэж нэртэй хүн хаан болох юм гэнэ лээ гэж ярьдаг байж билээ” гэж нэгэнтээ ярилцахыг дуганч хийгээд гүйж явахдаа сонссон байх юм. Үнэхээр л сайн цаг гэдэг нь ирэхээрээ ингэдэг юм байлгүй гэж санамаар уулын ам бүрээс булаг шанд урсаж, ухаан орсон цагаасаа л хуурай сайр л байхыг нь мэдэх газарт горхи, булаг мэлтэлзэж байж билээ.
Манай улс хэдийнээс нааш төрийн хэрэгт есөн хөлт цагаан, хар сүлд хэрэглэж ирсэн ч далбааг Төрийн туг болгон хэрэглэж эхэлсэн нь 1911 оноос эхтэй юм билээ. Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу нар “Улсын далбааг гурван ам (нэг нь 70х70 см болно), гал дэвсгэр нь шар, ишний эсрэг талд “ум а хум” гэсэн гурван үсэгтэй гурван улаан хэлтэй, дундаа гуутай бадамлянхуа бүхий “Соёмбо”, Э, бам” үсгийг сайн сайхныг бэлгэдсэн ном (ламаадан гомбо, санжаадансүрэн, лүймүддонжи) зэрэг барласан дэвсгэр дээр урлан хийсэн байна” гэж “Монгол ёс заншлын их тайлбар толь” номын эхний ботид тэмдэглэжээ. Дээрх тэмдэглэл нь энэхүү зурагтай бүрэн тохирч байгаа юм. Энэ далбааг хэн, хэзээ, юуны учир Баруун хүрээнд хүргэсэн талаар “1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Монгол Улс туурга тусгаар улс болж, VIII Богдыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж, Засгийн газраа таван яамтайгаар байгуулж, Төрийн тугаа шинээр бүтээн залжээ. Монгол Улс хөрш гүрнүүдийн хавсайдалтаар тусгаар тогтнолоо алдахад, Богд Жавзандамба төрийн тугаа Түшээт хан аймгийн Түшээ гүний хошууны Сономцэрэн зайсанд хүргүүлжээ” гэж “Өндөр гэгээний Өвгөн хүрээ” номд Шанхын уугуул, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн профессор, дэслэгч генерал Цэрэнбалжидын Дашзэвэг бичжээ. Яагаад заавал Сономцэрэн зайсанд хүргүүлэв. Зайсан нь Богдын нэрийн өмнөөс томоохон хүрээ хийдэд байрлан сууж, хийд орны ажлыг хариуцан удирддаг хүн юм. Тэгвэл Сономцэрэн зайсан нь тухайн үед Баруун хүрээнээ суудаг Богдын төлөөний хүн байж. Энэ ташрамд, үүнтэй их төстэй нэгэн хэрэг явдлын талаар өөрийн дуулсныг энд сийрүүлье.
Бариа, тавианы цаг юм санж. Засаг, Очирай бат түшээт хан Доржсүрэнхоролжавын үед болох биз. Цаг төрийн байдал ороо бусгаа болж, хэдийнээс үе улируулан хадгалж, нандигнаж ирсэн олон зүйлээ өөрийн дэргэд байлгахад нэн төвөгтэй ч болсон юм уу, Баруун хүрээний хойд бурхныд тахиастай буй Чингисийн Хар сүлдний цагаан торгон дээр бичсэн өчгийг “Баруун хүрээнд хүргэж өг” гэжээ. Үүрэг авсан хүн нь “Хэнд нь өгөх вэ” гэхэд “Хэн ахалж байгаад нь өг” гэсэн юм гэнэ лээ гэх хууч яриа бий. Өнөөх хүн Баруун хүрээнд очиход нь хувилгаан Ноён лам тэргүүтэй оронгийн ихэс баригдаад явчихсан эзгүй таарч, оронгийн гэсгүй Хайдав гэгч ахалж байхаар нь түүнд өгчээ. Дараах нь Хайдав гэсгүйг бас л баривчилж, эд зүйлийг нь шатаахтай хамт өнөөх цагаан торгон дээр бичсэн Хар сүлдний өчиг дуудлага шатаж байхыг харж зогссон залуу лам тухайн үедээ бидний багш Г.Найдан гэж ламд ярьсныг, одоогийн Баруун хүрээний дэд лам А.Пүрэвсүрэнболд гар тэмдэглэлээсээ харж, надад уншиж өгсөн. Энд гарч буй Чингисийн Хар сүлдний талаар “Чингис хааны төрийн хар, цагаан туг гэж алдаршсаны нэг болох сүр хүчит хар тугийг энэ хүрээнд тахисаар байгаа буй” гэж Номгоны Дара эх ламтан Агваанцүлтэмжамц Баруун хүрээний түүхийн зохиолдоо тодорхой тэмдэглэсэн байдаг. Харин үүнийг 1961 онд Улсын төв музейн Түүхийн тасгаас эрхлэн, Шинжлэх Ухааны Академийн хэвлэлд хэвлүүлсэн “Өвгөн Дэндэвийн дурдатгал” номын 30 дахь талд “…жижгэвтэрхэн модон дуган шиг орой дээрээ догтой байшинд, хадаг яндар болсон цагаан үстэй туг байв” гэж тэмдэглэсэн нь бий.
Агуулгын хувьд хоорондоо их ижилхэн дээрх хэрэг явдлууд эцэстээ Баруун хүрээн дээр очоод байгааг та аль хэдийн анзаарсан даа…
1992 он гарчээ. Төрийн далбаа хүрээндээ эргэж морилоогүй л байгаа. Учир иймээс Ерөнхийлөгчийн Тамгын газарт хаягласан 1992 оны хоёрдугаар сарын 27-ны 02 тоот албан бичиг Баруун хүрээнээ төлөвлөгдөж, мөн л “Га”-гийн багш маань нэрээ “ловон лам Л.Нацаг” гэж шивүүлээд, мутраараа “Нацаг” гэж бичээд илгээжээ. Тэрхүү “Тугаа авах тухай” бичигт “Манай Баруун хүрээнд хадгалагдаж байсан тугийг хэрэглэж дууссан бол манай хийдийн ажилчин энэ хүнээр өгч явуулна уу” хэмээн бичгийн машинаар цохисон байна. Албан харилцаа ойлгомжтой, тов тодорхой байх гэдэг ийм байхын нэр биз. Гэвч усанд шидсэн чулуу, элсэнд дусаасан ус шиг чив чимээгүй, Монгол Улсын Засгийн газар, бичиг хүлээж авсан Ерөнхийлөгчийн Тамгын газар ус балгасан мэт таг дуугүй, ам хэлээр ч, албан бичгээр ч хариу өгсөнгүй. Монгол Улс шинэ Үндсэн хуулиа хэлэлцээд аль хэзээний баталчихаж, Төрийн далбаа хүрээндээ буцаж ирээгүй л байлаа. Баруун хүрээнээс Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандид хаягласан “Түүхийн дурсгалт зүйлийг эргүүлэн авах тухай” зургаан тоот албан бичиг 1998 оны дөрөвдүгээр сарын 18-нд төлөвлөгдөж, “Баруун хүрээ хийдийн хамба лам Н.Өлзийбаяр” гэж шивээд, доор нь хөх тосон балаар “Арьяабазарын Пүрэвсүрэнболд” гэж дэлгэрэнгүй бичээд, өмнө нь гарын үсгээ зураад явуулж.
Юм өөрчлөгдсөнгүй, 2000 он гарлаа. Сонгуулийн жил. Шанхын унаган хүү Дашдоржийн Дэмбэрэлцэрэн УИХ-ын сонгуульд нутгаасаа сонгогдож, гишүүн болсон сонгууль л даа. Өвгөчүүл ч хэлж, өөрөө ч санаа биз. Тэр үед Г.Дашзэвэг, Н.Дашцэрэн гээд насаараа аймаг орон нутагт удирдах алба ажил хийсэн хашрууд ч сэрүүн тунгалаг, хот руу орж ирээгүй хүрээндээ байсан цаг. Д.Дэмбэрэлцэрэн гуай арга эвийг нь олж, Төрийн ордны аль талд нь ч юм, нэг даргын өрөөний төмөр шүүгээнд эвхээстэй байсныг нь гаргуулж авч, нутагтаа очихдоо хүрээнд нь хүргэсэн юм гэдэг. Ингээд олноо өргөгдсөн Монгол Улсын Төрийн далбаа хоёронтоо Нийслэл хүрээнээс Баруун хүрээнээ хүргэгдсэн түүх энэ.
Гэвч хэрэг явдал үүгээр дууссангүй. “Олноо өргөгдсөн Монгол Улсын Төрийн далбаа нь Баруун хүрээнд байх уу, Үндэсний түүхийн музейд байх уу” гэдэг маргаан гарч, тэрүүхэндээ зарга, тэмцэл ч болж, өнөө хэр нь Үндэсний түүхийн музейгээс үе үе “тугаа авъя” гэж Баруун хүрээнээс, ордны зүгээс “Тугаа олж ав” гэж Үндэсний түүхийн музейгээс нэхсээр байдаг гэсэн. Олноо өргөгдсөн Монгол Улсын Төрийн далбаа нь түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдолтой соёлын биет өв мөн. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн газраас ч юм уу, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ч юм уу, аль эсхүл Соёлын өвийн үндэсний төвөөс шаардаж, Үндэсний түүхийн музейд тэрхүү далбааг байлгах гэхийг буруутгах аргагүй. Гэвч юманд учир бий шүү дээ.
Юуны өмнө, яагаад заавал Баруун хүрээ рүү Төрийн далбаагаа хүргүүлж, тэнд хадгалуулах болоо вэ гэж нухацтай бодож үзэх зайлшгүй шаардлага бий. Нухацтай бодоход тань нэмэр болох болов уу гэсэндээ доорх хэдэн үгийг хэлхэе.
Баруун хүрээний шашны эзэн нь “Хувилгаан Ноён лам” бөгөөд анхдугаар дүрийн хувилгаан нь Пунцагравдан нэрт, Түшээт хан Ванжилдоржийн хүү байжээ. Ванжилдорж нь Өндөр гэгээний ах Чахундоржийн ач хүү бөгөөд хүүгээ авга ах болох Өндөр гэгээнд өргөж, хувраг болгоход нь Өндөр гэгээн бээр хүүд “Ноён лам” гэх алдар хайрласан цагаас эхлэн Баруун хүрээний Ноён ламын хувилгаан Чингисийн алтан язгуураас тодрох болсон. Өнгөц харвал, нэгэн цагийн хан хүмүүн нуган үрээ тойн болгож, буяны мөрд оруулсан шиг хэрэг явдал боловч үүний цаана төрийн бодлого, ихсийн нарийн ухаан байсанд эргэлзэх нь утгагүй юм. Төрийн туг, сүлд бол монгол төрийн бодлогын төвд оршиж асан “Цогт эрдэнэ” бөгөөд судлаач Г.Бадамсамбуу “Туулын гурван Улхуны дэвсэх саглагар мод хаана вэ” номдоо “Төрийн хараа асрамжид тахилын орон байртай, тахилгын зэмсэг хэрэглэл, зан үйл, өчиг дуудлагын эртнээс тогтсон өвтэй, үнэт зүйлийн нөлөө нь бүс нутаг-овог аймгуудад алдаагдаагүй хэвээр” хэмээн тэмдэглэсэн шиг олон зуун жил уламжлагдсаар ирсэн цогцолбор соёл юм. Тийм ч учраас энэхүү нандин шүтээнээ эзэгнэн, аль ч цагт нүдний цэцгий мэт хайрлах, итгэмжит нэгнийг тодруулан, хэн хүнд хэлж, тайлбарлаад байх албагүй Төрийн үйлийг даатгах цаг үеийн шаардлагын улмаас Чингисийн шууд угсаа Түшээт ханы удмаас хувилгаан Ноён ламыг тодруулж, үүрд сахин суухыг даатгасан бус уу! Одоогоор санахад, төв Халхад Түшээт хан аймаг, бүр тодруулбал Баруун хүрээнээс өөр Эзэн богд Чингис хааны Хар сүлдийг тахидаг орон газар, сүм хийд өөр байсан юм уу?
Баруун хүрээ нь Монголын бурхны шашны гурван зулын нэг, Монголын анхдугаар Богд, Жавзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазар 13 нас сүүдэртэйдээ анх үүтгэсэн, монгол газар дэлгэрсэн бурхны шашны гурав дахь дэлгэрэлтийн гал голомт юм. Тийм ч учраас Абтай сайн хан Төвөдөөс залж ирсэн гэдэг Очирваань, Өндөр гэгээний бага насны дээл, номт хувцас болон Өндөр гэгээнд Банчин богд, Далай лам нарын хайрласан нандин бурхан шүтээн, Өндөр гэгээний мутрын ур болох Дархан галин, бурхад, түүний дэгээр бүтээсэн өдгөө цагт хосгүй үнэт өвд бүртгэгдсэн бурхан шүтээн Баруун хүрээнд байна. Өндөр гэгээн дэглэж тогтоосон “Цогчин хурал” хурах шашин, соёлын зан үйл тэртээ 1647 оноос нааш огт таслалгүйгээр Баруун хүрээнд эдүгээ ч хурсаар байна. Бурхан шүтээнээсээ энд тэнд нууж, Гандан хийдэд өргөж, элдэв аргаар авч өнөө цагт хүргэсэн нь олон боловч өнгөрсөн нийгэмд өдөр тутмын хурлаа таслалгүй хурсаар, тэр бүү ч хэл, 29-ний сахиусаа тахисаар байсан хийд орон хаана хаана, лам хувраг хэн хэн байсан юм бэ?
Эцэст нь, энэ бүхнийг нэгтгэхэд, аливаа өвд өөрийн үнэ цэн гэж байдаг. Тухайн өвийн гарал үүсэл, бүтээсэн түүх, өөр өөр цаг үед түүнд холбогдож, агуулагдсаар ирсэн мэдээллүүд нь үнэ цэнийг нь илэрхийлдэг юм билээ. Ингэж үзвэл олноо өргөгдсөн Монгол Улсын Төрийн далбааны гарал үүсэл нь дөрвөн уулын дунд боловч түүнийг Хангай нурууны өвөрт, Баруун хүрээнээ хүргэж хадгалуулах болсон далд учир шалтгаан нь өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн үүх түүхийг бичиглэж, тэр л ахуй орчиндоо оршин байж хүн нийгмийн оюун санаанд нөлөөлөх нөлөө, утга учир нь тодорхой болох юм. Тиймээс одоо цагийн эрхтэн дархтнууд Баруун хүрээ буюу монгол төр, Монголын бурхны шашны нандин шүтээний гал голомттойгоо зарга заалхай болж, “хэрүүл” хийж байхаар, уг уламжлалаар нь авч үлдэх, зарим нэг өвд тулгуурласан соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох зэргээр Баруун хүрээг төрийн бодлогод онцгойлон анхаарч, бодит дэмжлэг үзүүлбэл улсын маань ажил үйлс, түмэн олны минь заяа буянд эрхбиш тустай болох бус уу гэж санана.
Монгол төрийн холч хараа, мэргэн ухаан болгоох болтугай!
Бэлтгэсэн Д.Даваасүрэн