
Хан-Уул дүүргийн II хорооны нутаг орших ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан. Дээрх орон сууцын барилгын дундах 0.2 га талбайд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан “Марта Грийн” ХХК тус газарт барилга барихаар төлөвлөж байсан юм. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус газарт барилга барихаар төлөвлөж байсныг зогсоож, оронд нь иргэдийн хүссэнээр ногоон байгууламжтай болгох санал гаргасан.

Ийнхүү нийслэлийн Засаг даргын захирамжаар дээрх газрын эрхийг цуцалж, холбогдох хууль, дүрэм журамд нийцүүлэн, оршин суугчдын саналыг тусгаснаар ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийх үүрэг өгсөн юм. Улмаар нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Тохижилтын ажлын даалгавар, тохижилтын загвар зургийг тус тус баталсан.
Даалгаврын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 23-наас тохижилтын ажлыг эхлүүлсэн юм. Ийнхүү тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 автомашины зогсоол, явган хүний зам, тоглоомын талбай бүхий иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан ногоон байгууламж бий болгоод байна.