
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийг хэрэгжүүлж буй. Тус төслийн ажлын явцтай нийслэлийн засаг даргын Тамгын газрын холбогдох албаныхан танилцлаа.

Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газар нь Улаанбаатар хотын нутаг, Бэлхийн амны эхэнд оршдог. Төслийн хүрээнд тус дурсгалыг малтан, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлж байгаа гэнэ. Судалгааны ажил 70 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд Н.Сэр-Оджав, Т.Хорват нарын удирдлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд малтлага, судалгаа хийж, морины тоног, хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлжээ. Өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага, судалгааны ажил хийгээгүй байсан юм.
Одоогоор язгууртны зургаа, дагуул дөрвөн булшны дэвсгэр зургийг гаргасан бөгөөд дөрвөн метр урт үүдэвчтэй, 6.5х5 метр хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 метр гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлжээ. Цаашид хамгийн том хэмжээтэй булшийг ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэж байгаа гэнэ.