
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурт автомашины дугуйны дотуур резин буюу олгой хаймар хийлж, дээр нь хэвтэн сэлж байсан иргэн, салхинд туугдан эргээс холдсон тухай дуудлагыг энэ сарын 7-ны 15.30 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дээрх нуурын эрэг дагуу есөн хүн амарч байсны нэг нь усанд ийнхүү осолдсон аж.
Улмаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн 40 настай, эрэгтэй нуурын усанд живсэн байсан тул өчигдөр 3-4 метрийн гүнд есөн удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Тэд мөн өдрийн 20.00 цагт тус нуурын баруун урд талын эргээс цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийнхэнд шилжүүлэн өгсөн байна.