
Энэ сарын 6-8-нд гурван аймагт хурдан морины уралдаан зохион байгууллаа. Зүүн бүсийнх Дорнод аймгийн Хөлөнбуйр, төвийнх Сэлэнгийн Сүхбаатар, харин баруун бүсийнх нь Ховдын Жаргалант сумд болсон. Үндсэн зургаан наснаас гадна сонгомол хоёр (дээд, бага) гэсэн нийт найман насны морьд уралдуулсан юм. Нэг уралдаанд нь л дунджаар 400-гаад хүлэг замд гарчээ. Жишээ нь, баруун бүсийн их насны морьдын уралдаанд 406 хурдан хүлэг мордуулсан байна билээ. Түүнчлэн бөхийн барилдаанууд ч зохион байгуулах болов. Гурав хоногийн өмнө Ховдод аймгийн цол олгох барилдаан болсон. Тэгвэл энэ сарын 16-17-нд Хүй долоон худагт Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулан 128 хүчтэн цуглуулах гэнэ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт сумын заан цолтой шилдэг 64 бөх энэ сарын 28-нд зодоглох сураг ч байна.
Цар тахлын тархалт төдийлөн хумигдаагүй, ялангуяа орон нутагт ихэссэн. Мөн хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд орон даяар эхлүүлэхийн өмнө бэлтгэл сайтар хангаж, хаана хаанаа хариуцлагатай, хянуур байх ёстой. Мэргэжлийн байгууллагынхан ч ингэж зөвлөж байгаа. Тэгсэн атал ийнхүү наадам зохион байгуулж, улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүртэл Сутай хайрхны тахилгад оролцож, олон хүний бөөгнөрөл үүсгэн, үлгэр дуурайлгүй авирласныг юу гэж ойлгох вэ.

Уг нь Засгийн газраас өнгөрсөн сарын 2-нд 183 дугаар тогтоол гаргаж, аймаг, сумдын баяр наадам, хурдан морины уралдаан, уул овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон. Гэтэл уг тогтоолыг яагаад мөрдөхгүй байна вэ. Тогтоолыг батламжилж гарын үсэг зурсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нар яагаад харсаар байж дуугүй сууна вэ. Хэрэгжүүлэхгүй бол Засгийн газар тогтоол гаргах хэрэгтэй юү гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас асууя.
Ийнхүү зарим нь журам зөрчин, наадам, тахилга зохион байгуулж байхад шинэ ургацын дээжээсээ худалдах гэсэн Сэлэнгэ, Төв аймгийн ногоочдод “ажлын байр” олдохгүй байна. Тэд нийслэлийн томоохон хүнсний дэлгүүр, зах орчимд, тухайлбал, “Скай” их дэлгүүрийн гаднах талбайд ногоогоо борлуулах гэсэн ч холбогдох албаныхан зөвшөөрөл олгохгүй, хөөх болжээ. Хөдөлмөрийн үр шимээ хүртэж, орлого олох гэсэн жижиг бизнес эрхлэгчдэд боломж олгохгүй байж уул, овоо тахиж, хөөрцөглөсөн хүмүүсийг урамшуулах мэт өөгшүүлсээр л байх уу.