
УИХ-ын сонгуулийн 18 (Хэнтий аймгийн), 28 дугаар (Сонгинохайрхан дүүргийн) тойргийн нөхөн сонгуульд оролцохоор есөн нам, нэг эвсэл хандивын тайлан болон мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хуулийн хугацаанд буюу долдугаар сарын 28-ны дотор хүргүүлсэн. Тодруулбал, МАН, АН, Үнэн ба зөв нам, ШИНЭН, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхын засаглал нам, Иргэний зориг ногоон нам болон “Зөв хүн электорат” эвслээс материалаа ирүүлсэн билээ. Тэдний мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа, эсэх талаарх дүгнэлтийг ҮАГ-ынхан гаргаж, маргаашийн дотор Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд шилжүүлэх ёстой. Ингэхдээ нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэх зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа, эсэхийг ҮАГ хянах учиртай. Мөн мөнгө, эд хөрөнгө амлах, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах зүйлс хүртээх, зээл, өр төлбөрөөс чөлөөлөх, иргэдэд үнэ төлбөргүй, эсвэл хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах зэргийг мөрийн хөтөлбөртөө тусгахыг хориглосон байдаг.
Есөн нам, нэг эвслийн мөрийн хөтөлбөрийг хянаж, хуулийн шаардлага хангасан гэж дүгнэн, СЕХ-нд хүргүүлснийг ҮАГ-аас өчигдөр мэдээллээ. АН-ынхан М.Тулгат болон О.Цогтгэрэлийн тал гэж хоёр хуваагдаад буй бөгөөд тус тусдаа мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн билээ. ҮАГ-ын ажилтнаас энэ талаар тодруулахад “2020 оны УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө АН-ын хоёр талаас ирүүлсэн. Манайх намыг бүртгэх, эсэхийг шийддэг эрх бүхий байгууллага биш. Зөвхөн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа, эсэхийг хянадаг. Ижилхэн мөрийн хөтөлбөр ирүүлсэн тул адилхан дүгнэлт гаргаад, СЕХ-нд шилжүүлсэн” гэв. Нөхөн сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх хүмүүс мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар энэ сарын 23-25-нд хүргүүлэх юм.

Нам, эвслүүд Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу маргаашийн дотор СЕХ-нд ирүүлнэ. Ингэхдээ намын даргын гарын үсэг, тамгаар үүнийгээ баталгаажуулах бөгөөд сонгуульд оролцох тухай намын их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээний болон үндсэн дүрмийн Улсын дээд шүүхээр баталгаажуулсан хуулбар, мөрийн хөтөлбөр, төрийн аудитын байгууллагын дүгнэлт, нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам, сонгуулийн жилээс өмнөх онд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, үүнийг төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан, сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг хамт ирүүлэх хуультай. Харин эвсэл нь сонгуульд оролцох тухай төлөөлөх байгууллагын шийдвэр, нэгдсэн нам тус бүрийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон үндсэн дүрмийн Улсын дээд шүүхээр баталгаажуулсан хуулбар, сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт, нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх эвслийн дотоод журам, хандивын тайлан, сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар зэргийг хавсарган, сонгуульд оролцох хүсэлтээ гаргах юм.
Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан бүртгэх, эсэх тухай шийдвэр гаргана. Ташрамд дурдахад, Хэнтий аймгийн сумд болон Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороодыг маргаашийн дотор байгуулах хуультай. Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 26-наас ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ. Нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ ирэх сарын 4-нд Авлигатай тэмцэх газарт, холбогдох баримт бичгээ хоёр хоногийн дараагаас нь СЕХ-нд хүргүүлэх юм.