
Цар тахлаас үүдэн иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар муудсантай холбоотойгоор автомашины үнэ буурчээ. Сүхээ, Гэрлээ хоёр энэ боломжийг ашиглах нь зүйтэй гэж үзэн, хоёр жил гаруйн хугацаанд хуримтлуулсан мөнгөөрөө хөл дүүжлэх унаатай болохоор шийдсэн гэнэ. Ингээд дотнын найзтайгаа зөвлөлдсөний эцэст фэйсбүүкээс хэдэн өдөр зар, мэдээлэл шүүж, үнийг нь судлан, цөөнгүй хүнтэй ярьсан байна. Үүнийхээ үр дүнд автомашины наймаатай холбоотой мэдээлэл, зар түгээдэг томоохон бүлгэмүүдэд идэвхтэй байдаг нэгэн “бизнесмен”-ийг олжээ. Тэд амархан ойлголцсон аж.
Наймаачин залуу “Хилээр ачаа бараа нэвтрүүлэх явц саадтай байгаа энэ үед тээврийн хэрэгсэл нийлүүлдэг найдвартай газар олдохгүй. Манайд 2-3 шинэ машин буй. Коронавирусийн улмаас борлогдохгүй удлаа. Сайн “яриад” өгнө. Надаас машин авсан хүмүүстэй ярьж, чанар, сэтгэл ханамжийг нь асууж, лавлаж болно. Шаардлагатай бол баталгаа өгье. Өнгө үзэмж сайтай. Монголд ер унаж байгаагүй” гэх зэргээр сурталчилж, гэр бүлийн хоёрын итгэлийг хүлээжээ. Тэд машиныг үзэхэд үнэхээр л гял цал болсон, ямар ч сэвгүй, сэмбэгэр “эд” байх нь тэр. Залуус эргэлт буцалтгүй шийджээ. Зах зээлийн үнээс доогуур ханшаар, шинэ шахам машин авсандаа баярласан хос зуны амралтаараа хөдөө талаар хөндлөн гулд аялсан байна.
10 гаруй хоногийн аяллаа дуусгаж, хотод ирэхэд машиных нь хөдөлгүүрээс эвгүй дуу чимээ гарах болжээ. Техникийн талаар төдийлөн ойлголтгүй учраас тэр даруйд авто засвар, оношилгооны төвд хандсан аж. Энэ үедээ тэд залилангийн хохирогч болсноо мэджээ. Засварын ажилтнууд “шинэ” машиныг нь “ужиг өвчтэй” байсныг дорхноо илрүүлчихэж. Тэр ч байтугай өнгийг нь өөрчилж, хэдэнтээ давхарлаж будсаныг илчилж гэнэ. Хохирогчид залилагч эртэй холбогдож, машинаа буцаая гэхэд “Тийм байх боломжгүй. Хөдөө хээр явахдаа эвдсэн байна” гэж мэлзжээ. Улмаар хуулийн байгууллагаар шийдүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Яг үүнтэй ижил ээдрээтэй хэрэг, иргэд болгоомжгүй, хөнгөн хуумгай байдлаасаа болж залилагчдын олз болох тохиолдол олон аж. Ялангуяа сүүлийн үед ийм залилан олширчээ. ШӨХТГ-ынхан холбогдох байгууллагуудтай хамтран автомашины худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийг хэд хоногийн өмнө шалгахад ийм төрлийн зөрчил цөөнгүй илэрчээ. Тус газрынхан “Автомашин засварын газруудыг бүртгэлжүүлж, хяналттай болгох шаардлагатай. Хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөлдүүлэх замаар худалдаа хийх тохиолдол олон байна. Ийм байдлаар хохирсон хүмүүс бидэнд хандаарай” хэмээн уриалж, иргэдийг илүү хянуур, болгоомжтой байхыг сануулсан бол ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаныхан “Иргэдийн мэдээлэлгүй байдал, сэтгэл хөдлөлөөр наймаа хийх алдаанд дөрөөлсөн залилан гаарлаа. Сэв зураасгүй, шинэ, Монголд унаж байгаагүй, зах зээлийн ханшаас хямд гэхчлэн иргэдийг төөрөлдүүлж, хуучин, осолдсон машиныг засаж, зарсан тохиолдол сүүлийн жилүүдэд олон гарсан. Тээврийн хэрэгсэл худалдаж авахын өмнө ашиглалтын түүх, засвар, үйлчилгээний талаарх мэдээллийг зайлшгүй нягтлах хэрэгтэй” гэж сэрэмжлүүлэв.
Энэ төрлийн залилангийн хэрэг өссөнтэй холбогдуулан ЗТХЯ, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ хамтран авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан болох autobox.mn сайтыг ашиглалтад оруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Мөн өнгөрсөн жилээс эхлэн “ebarimt” аппликэйшний төрийн үйлчилгээ цэсэд тээврийн хэрэгслийн бүртгэл шалгах тохиргоо хийсэн. Ингэснээр цахим системийн тусламжтайгаар тухайн тээврийн хэрэгслийг шинэ, эсэхийг нягтлах боломж бүрдсэн юм. Хэдэн онд Монголд оруулж ирсэн, өмнө нь ямар нэг засвар, үйлчилгээнд хамруулж байсан уу гэдгийг төвөггүй мэдэх боломжтой. Гэвч иргэд энэ талаар мэдлэг, мэдээлэлгүйгээс, тээврийн хэрэгслийн гаднах дүр төрхөд хууртан, залилагчдын “өгөөш”-ийг үмхдэг байна.
Манай улс хуучин машины импортоор Азидаа дээгүүрт ордог. “Төмрийн хаягдлын орон”, “Хуучин машины хар зах” гэх зэргээр ёжилдог нь ийм учиртай. Авто тээврийн үндэсний төвөөс авсан мэдээллээр, монголчууд 2019 онд 69.4 мянган тээврийн хэрэгсэл импортолсны 85-93 нь хувь нь хуучин болон хэт хуучин байжээ. Жилд импортолсон автомашины 70-аас дээш хувийг хуучин тээврийн хэрэгсэл эзэлдэг гэсэн баримт байна. Манай улсад замын хөдөлгөөнд оролцож буй “унаа”-ны зонхилох нь насжилт өндөр байдаг нь ч импорттой холбоотой. Энэ нь биднийг автомашины худалдаа, наймаа хийхдээ илүү хянуур, болгоомжтой байхыг сануулж буй “дохио” юм. Гэвч монголчууд ийм хэргийн хохирогч болсоор.
…Цар тахлын нөхцөл байдал, хил, гаалийн үйл ажиллагаа доголдсоныг далимдуулан иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулах явдал сүүлийн үед гаарсныг ЦЕГ-аас анхааруулсаар буй. Үүний дунд хямд үнэ, гял цал төрхөөр далдалсан автомашины бизнесүүд багтаж буйг онцлон сануулъя…
Зам, тээврийн хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЦЕГ, ШӨХТГ зэрэг холбогдох байгууллагынхан тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан, бүртгэлийн системд ихээхэн найдлага тавьж буй. Гэвч залилагчид ухаалаг системийг хүртэл өөрийн талд ажиллуулах болжээ. Тухайлбал, тээврийн хэрэгслийн ашиглалтын түүхийг өөрчлөх, засвар үйлчилгээний мэдээллийг оруулахгүй байх, өөр машины зураг нийтлэх зэргээр хэрэглэгчдийг төөрөлдүүлдэг аж. Ийм зөрчил хэд хэдэн удаа гарсан учир авто засварын үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хатуу хяналт тавих, бүртгэлжүүлэх, хуучин машины импортыг хязгаарлах, таслан зогсоох чиглэлээр дээрх байгууллагууд хамтран ажиллаж байгаа гэнэ. Мөн цахим системийг боловсронгуй, шүүлтүүртэй болгох санаачилга гаргажээ. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд хүртэл залилагчид “гар хүрсэн” нь биднийг илүү болгоомжтой байх ёстойг, нөгөөтээгүүр, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид ямар нарийн “ажиллагаатай”-г илчилж буй юм.
Сүүлд илрүүлсэн зөрчлийг шалгах явц ямар байгаа, энэ төрлийн гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулахад “Бараа, бүтээгдэхүүн борлуулахдаа иргэдэд худал мэдээлэл өгөх болон мэдэх эрхийг хязгаарлах нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиар хориотой. Ийм зөрчил, гомдлын талаар мэдээлэл манай байгууллагад ирэх нь ихэссэн учир өнгөрсөн оны есдүгээр сараас хойш энэ асуудалд анхаарч, хяналт тавин ажиллаж байна. Сүүлд илрүүлсэн хэргийг шалгуулахаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Шалгалт ид үргэлжилж байгаа. Ослын улмаас баруун талын хаалга нь эвдэрч, сэв суусан, хуучин “Приус”-ийг шинэ хэмээн худалдсан байсныг бүртгэлийн системийн тусламжтай илрүүлсэн. Энэ талаар олон нийтийн сүлжээнд нийтэлснээс хойш цөөнгүй гомдол, мэдээлэл иргэдээс ирүүлсэн” гэж ярилаа.

Цар тахлын нөхцөл байдал, хил, гаалийн үйл ажиллагаа доголдсоныг далимдуулан иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулах явдал сүүлийн үед гаарсныг ЦЕГ-аас анхааруулсаар буй. Үүний дунд хямд үнэ, гял цал төрхөөр далдалсан автомашины бизнесүүд багтаж буйг онцлон сануулъя.