
X хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу Улаанбаатар хотын дулааны 8А, Б, В, Г магистрал шугамыг сольж, бүрэн шинэч лэх ажлыг өнгөрсөн сарын 2-ноос эхлүүлсэн. 1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар уг шугамыг анх угсарсан бөгөөд ашиглалтын хугацаа нь хэдийн дууссан аж. Энэ удаад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр эл ажлыг гүйцэтгэж, есдүгээр сарын 15-нд дуусган, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Гэсэн ч дулааны шугам хоолой урд хилийн цаана буюу Эрээнд гацсанаас ажил удааширсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Шинэчлэлийн ажлыг “Хангилцаг”, “Энерго сервис монтаж”, МЭЗ компанийнхан гүйцэтгэж байгаа аж. Тодруулбал, “Хангилцаг” компанийнхан X хорооллын МТ шатахуун түгээх станцаас “Мөнгөн тойг” төвийн уулзвар хүртэлх тус бүр нь 810 метр хос шугамыг шинэчилж буй. “Энерго сервис монтаж” компанийн хувьд “Цамбагарав” орчмын, МЭЗ компанийнхан “Москва” хороолол орчмын шугам сүлжээг шинэчилж байна. Гүйцэтгэгч компаниуд газар шорооны ажил хийж, хуучин шугамуудыг авч, шинийг суурилуулахад бэлэн болгожээ. Өдгөө шинэ шугамуудаа авахаар хүлээж байгаа аж. Тэгвэл дулааны шугам хоолойнуудыг хилээр хэзээ оруулж ирэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Шугам хоолойг оруулж ирэх асуудлыг Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ сарын 13-нд татан авахаар болоод байна” гэв.
Бэлтгэсэн Б.Буянхүү