
Төв аймгийн тариалангийн бүс нутгийн зарим хэсгээр өнгөрсөн сарын дунд үеэс үр тарианы энгийн бөөс хэмээх хортон шавж үзэгдэх болж, улмаар ургац хураалтад нөлөөлөхүйц хэмжээнд хүртлээ тархжээ. Энэ талаар ХААИС-ийн багш, шинжлэх ухааны доктор, профессор Б.Доржоос тодрууллаа.
-Үр тарианы энгийн бөөс нь ямар зүйлийн шавж вэ. Ямар шалтгаанаар олширсон юм бол?
-Манай улс энэ онд 405 721 га талбайд буудай тарьсан. 406 орчим мянган тонн буудай хураах төлөвлөгөөтэй. Ийм хэмжээний ургац хурааж авахад дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэсэн үг. Хэр их ургац авах нь үндсэндээ цаг агаараас бүрэн хамааралтай. Энэ жилийн хувьд хөрс чийг ихтэй, тариа, буудай ургах таатай нөхцөл бүрдсэн. Гэсэн ч ийм чийглэг жилд шавж ихээр үрждэг. Энэ нь ургамал, цаашлаад ургац хураалтад сөрөг нөлөө үзүүлдэг. Үр тарианы энгийн бөөсний өндөг өмнөх жилийн буудайн иш, навчны үлдэг дэл дотор өвөлжөөд, дараа оны хавар 10 градусын дулаан болсон үед авгалдай болж гарч ирдэг. Ингээд буудайн навчийг үзүүрээс нь иддэг. Уг шавж өмнө нь үзэгддэг байсан ч өнөө жилийнх шиг ихээр тархаж байгаагүй. Ихэнх тохиолдолд 200, 300 га талбайгаас ганц нэгхэн тарианы түрүү цайрчихдаг байлаа. Харин энэ жил талбайгаараа, хэсэг хэсгээрээ цайрчээ. Ер нь уг шавжтай тэмцэх хугацаа ч хожимдох төлөвтэй боллоо. Эл шавж дөнгөж тархаж эхлэх үеэр арга хэмжээ авбал ургацынхаа 80-90 хувийг хамгаалах боломжтой. Хэрэв тархсан үед нь арга хэмжээ авбал 60-70 хувийг хамгаална.
-Уг шавж хэзээнээс, аль бүс нутагт тархсан бэ?
-Одоогоор Төв аймгийн урд хэсгийн аж ахуйнуудаар тархсан нь мэдэгдэж байна. Өнгөрсөн сарын 15-нд Төв аймгийн Эрдэнэсантад ажиллаж байсан тариалан эрхлэгчээс хортон шавж үр тарианы үзүүрийг идэж, шарлуулаад байгаа тухай мэдээ анх авсан. Тухайд үед дөнгөж тархаж эхэлсэн байж. Түүнчлэн Сэлэнгэ аймагт тархсан сураг сонссон боловч нотолж чадаагүй. Өнгөрсөн жил Хэнтийд бага хэмжээгээр гарсан. Гэхдээ тэр нь ургацад сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй. Эл шавж ОХУ-ын Сибирь, Казахстан, Алтайн хязгаар зэрэг бүс нутагт өргөн хүрээнд тархсан.

-Цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Манай улсад 400-500 мянган та талбайд үр тариа тариалдаг. Үүнээс ядаж 100 000 га газарт нь буурцагт ургамал тарьж, талбайгаа сэлгэн ашиглаж байвал хортон шавж үржих, хогийн ургамал ургах нь харьцангуй багасна. Буурцагт ургамал хөрсний шим тэжээлийн агууламжийг сайжруулж, азот бий болгодог сайн талтай. Гэтэл Монголд буурцагт ургамал худалдаж авдаг зах зээл байхгүй. Иймд эл ургамлыг тарьсан тариаланчид хохирдог. Энэ мэтээр тариан талбайгаа сэлгэн ашиглах боломж хомс байна. Тариаланчид талбайгаа эргэж тойрох, хяналт тавих нь ч сул. Үүнийг анхаарах хэрэгтэй.
-Холбогдох албаныхан энэ талаар мэдэж байгаа юу. Арга хэмжээ авч байна уу?
-ХХААХҮЯ-наас ажлын хэсэг томилж, тариалангийн бүс нутгуудад ажиллуулж байгаа гэсэн. Ажлын хэсгийнхний мэдээлснээр тарианы болц хожуу, түүнээс үүдээд хортон шавжийн тархалт ихэссэн гэнэ. Хохирлын тооцоо судалгааг хараахан гаргаж амжаагүй.