
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалтаас шалтгаалж урд хөрш манайхаас импортлох нүүрсний хэмжээг огцом бууруулсан. Иймээс нүүрсний экспортын 95 орчим хувь нь ногддог Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулж байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тодруулбал, Гашуунсухайтын боомтод ийм терминал барих зураг төсөл, тооцоо, судалгааг хийж, зам, барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан аж. Өдгөө талбайн шимт хөрс хуулах, тээвэрлэх, тэгшилгээний ажлыг гүйцэтгэж буй гэнэ. “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компанийн хөрөнгөөр байгуулж байгаа уг терминалыг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин Шивээхүрэнгийн боомтод барих чингэлэгт тээврийн терминалын холбогдох тооцоо, судалгаа, зураг төсөл боловсруулах үүргийг аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэж байгаа аж. Үүнийг байгуулснаар боомтын үйл ажиллагаанд оролцох хүн хоорондын шууд харилцаа багасаж, нүүрсний тээвэрлэлтээс үүдэлтэйгээр байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөлөл буурч, экспортын хэмжээ нэмэгдэнэ гэв.
Бэлтгэсэн Б.Сонор