
УИХ-ын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсэг болон Инновац, цахим бодлогын, Хууль зүйн байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр асуулт тавьж, хариулт авсан юм.
А.Баттамир (ICT группийн дэд захирал): -Нээлттэй өгөгдөлд хоёр чухал зүйл бий. Нэгдүгээрт, нээлттэй өгөгдөлд хамаарах мэдээллийг шууд ашиглах эрхтэй лиценз олгох талаар хуулийн төсөлд нарийвчлан тусгаагүй байна. Хоёрдугаарт, мэдээллийг шууд хүлээж авах технологийн боломжийг бүрдүүлэх талаар тодорхой заалт алга. Төр өөрт цугларсан мэдээллийг зөв ашиглахгүй хэрнээ хувийн хэвшлийнхэнд өгдөггүй.
П.Сайнзориг (ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга): -Нээлттэй өгөгдлийг бий болгох нь мэдээлэл хайх, мэдээлэл авах эрхийг хангах суурь. Тухайн иргэний хувийн нууцтай холбоотой эрхийг зөрчихгүйгээр судалгаа, шинжилгээ, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нээлттэй өгөгдлийг бий болгож, төрийн мэдээллийн ил тод байдлыг хангах нь чухал. Хуулийн төслийн 12.5 дугаар зүйлд “…мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэг ашиглах нөхцөл, журам, нээлттэй өгөгдөлд тавигдах шаардлага…”-ын талаар тодорхой зохицуулалт тусгасан. Техникийн шийдлүүдийг Засгийн газраас батлах журмаар зохицуулах боломжтой. Улсын бүртгэлийн, Статистикийн тухай хуулийн төсөлд ч тодорхой мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон ашиглуулах талаар тусгасан.
Т.Халтар (“Секьюрити солюшн сервис консалтинг” компанийн ерөнхий захирал): -Цахим засаглал бол мэдээллийг дундаа ашиглах буюу information sharing гэх утгаар хөгжих ёстой. Тиймээс нийтийн мэдээллийг төр, хувийн хэвшил гэлтгүй дундаа ашиглах боломж бүрдүүлэхийг хүсье. Мэдээлэл солилцох гэдэг бол аль дээр үеийн ойлголт. Мөн аль ч улсад хүний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг онцгойлон хуулиар хамгаалдаг. Манайд иргэдийнхээ эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг нууц гэж үздэгээс биш, тусгайлан хамгаалдаг тогтолцоо байхгүй.
Б.Баасандорж (ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга): -“Хур” системээр дамжуулж, төр, хувийн хэвшлийнхэн мэдээллээ солилцоно. Ингэхдээ тухайн иргэний зөвшөөрлийг авна гэсэн үг. Дундын мэдээллийн сангаар дамжуулж мэдээлэл солилцох бол ямар ч зөвшөөрөл авахгүй. Төрийн хэд хэдэн байгууллага дундын мэдээллийн сан үүсгэн, өөрийн чиг үүрэгт хамаарах мэдээллийг нь ашиглаж байгаа. Мэдээллийг нээлттэй, хязгаарлагдмал, хаалттай гэж гурав ангилсан. Хүний биеийн давхцахгүй өгөгдөл буюу жишээлбэл, хурууны хээг хаалттай мэдээлэлд хамааруулсан. Үнэнийг хэлэхэд хаалттай мэдээллийг манай улсад маш замбараагүй ашиглаж байна. Дэлхий нийтэд хурууны хээг аль болох ашигладаггүй. Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хаалттай мэдээллийг хоёр л зорилгоор ашиглах боломжтой. Улсын бүртгэлийг хөтлөх, сонгогчийг танихад л хурууны хээг ашиглах ёстой. Харин хязгаарлагдмал мэдээлэлд хүний оршин суугаа хаяг, шашин шүтлэг зэрэг олон зүйлийг багтаасан. Хаалттай болон хязгаарлагдмал мэдээллээс бусдыг нь нээлттэй байлгах ёстой.
Г.Жавхлантөгс (Монгол дахь АНУ-ын худалдааны танхимын бодлого хариуцсан захирал): -Үнийн бүрдэл гэх ойлголтыг төсөлд тусгажээ. Энэ талаар тайлбарлахгүй юу. Төрийн болон албаны нууцын тухай хуулиар бол тухайн байгууллага нууц гэж үзсэн мэдээллийг нууцад хамааруулдаг. Үүнийг эдгээр хуулиар хэрхэн зохицуулах вэ?
Б.Баасандорж: -Зүй ёсны монопол, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн талаарх мэдээллийг нээлттэй байлгах тухай заасан. Өрсөлдөөний тухай хуульд ч ингэж тусгасан байдаг. Өрсөлдөгч байхгүй зах зээлд үнийн бүрдлийг ил болгоно. Өөрөөр хэлбэл, тухайн бараа, бүтээгдэхүүний үнийн хэдэн хувь нь зардал, хэчнээн нь урамшуулал, ашиг болж байгааг олон нийтэд нээлттэй байлгах зорилготой. Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна. Байгууллагын нууц нэрээр хаалттай байлгадаг мэдээллийн хүрээ өргөжсөн. Ил тод байх ёстой мэдээллийг нууцалдаг байдлыг зогсооно.
Х.Очирхуяг (өмгөөлөгч): -Мэдээлэл хариуцагч байгууллагуудыг ангиллаар нь жагсаажээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, Шилэн дансны, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн нийтийн, хувийн эрх зүйн хуулийн этгээд гэсэн хэд хэдэн ангилал бий. Тэгэхээр энэ ангилалтай мэдээлэл хариуцагч нарынх зөрөлдөөд байна. Түүнчлэн мэдээлэл хариуцагч нь төсөв санхүү, худалдан авах ажиллагааны мэдээллийг нээлттэй байлгана гэж заажээ. Шилэн дансны тухай хуульд заасан, ил тод байлгах ёстой мэдээллийн жагсаалттай эдгээрийн зарим нь давхцаж байна. Хуулийн давхардал, хийдлийг хэрхэн зохицуулах вэ?
Б.Баасандорж: -Нийтийн мэдээллийн тухай хуулийг дагалдуулж 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Төсвийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх мэдээллийг ил тод болгох харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулдаг. Харин Нийтийн мэдээллийн тухай хуулиар бол төсөв санхүү, худалдан авах ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг нэмж нээлттэй болгоно гэсэн үг.
Д.Цогтбаатар (УИХ-ын гишүүн): -Хурууны хээг мэдэх эрхтэй этгээд л ашиглах боломжтой. Түүнээс биш хурууны хээ нь төрөөс ч хаалттай байх учиртай. Хүн хурууны хээгээ уншууллаа гэхэд түүнд тулгуурлан мэдээлэлд нь нэвтэрч байгаа төрийн албан хаагчийн үйлдэл бүртгэгдэх үү. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн тухай хүний хаалттай мэдээлэлд нэвтэрсэн бол ул мөр нь үлдэх үү?
Б.Баасандорж: -Хаалттай мэдээллийг бүртгэдэг нэг байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий газар. Улсын бүртгэлийн системийг тагнуулын байгууллага хянадаг. Хэн гэдэг ажилтан тухайн системд нэвтэрснийг харах боломжтой. Цогцос таних шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын хяналт дор хурууны хээг нь ашигладаг. Ямар ч тохиолдолд хаалттай мэдээллийн буюу хурууны хээний санг өөр байгууллагад шилжүүлэхгүй.
Д.Цогтбаатар: -Жишээлбэл, гадаадаас хэн нэгэн тус системийг хакердаж нэвтэрсэн бол үүний ул мөр нь үлдэх үү. Өөр хүний хурууны хээг ашиглан урьдчилан тооцоолоогүй зүйл хийсэн бол тухайн этгээдийг хаалттай системд нэвтэрснийг нь тогтоон, хариуцлага хүлээлгэдэг нөхцөл бүрдсэн үү?
Б.Баасандорж: -Төрийн байгууллагууд гэлтгүй хувийн хэвшлийнхний мэдээллийн санд гадаадаас халдлага үйлддэг. Аль цэгээс, хэрхэн халдлага үйлдсэн бүртгэл нь тодорхой харагддаг. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд ийм халдлагаас хамгаалах талаар тусгасан.
Б.Болор-Эрдэнэ (Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга):-Цахим халдлагын 80 гаруй хувь нь мэдээллийн аюулгүй байдлын стандартыг мөрдөөгүйгээс үүдэлтэй. Тухайн иргэний мэдээлэлд төрийн албан хаагч зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн бол эзэнд нь мэдэгдэл хүргэх боломжтой. Тэгэхээр иргэн өөрийнх нь мэдээлэлд хэн нэвтэрч, хэрхэн ашиглаж байгааг хянах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
Д.Оросоо (судлаач): -Өмнө нь тодорхой төрлийн харилцааг хуулиар зохицуулж байгаагүй бол хуулийн төсөл боловсруулах боломжтой. Харин тухайн харилцааг өмнө нь хуулиар зохицуулж байсан бол хэрэгжилтийнх нь үр дагаврын судалгааг хийдэг. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийсэн үү. Зөвхөн хэрэгцээ, шаардлагынх нь талаар яриад байх юм.
Б.Баасандорж: -Нийтийн мэдээллийн тухай хууль нь анхдагч хууль биш. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. Хэрэгжилтийн болон хэрэгцээ, шаардлагынх нь үнэлгээг хийсэн гэв.