
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай тогтоолыг Засгийн газраас шинэчлэн баталж, энэ сарын 16-наас мөрдөх гэж байна.
Ингэхдээ гадаадын иргэнд үзүүлж буй үйлчилгээний хураамжийг нэмэгдүүлсэн байна. Энэ нь гадаадын улс орнуудын визийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ, валютын ханшийн зөрүү болон манай улсын дотоодын эрх зүйн орчин зэргээс шалтгаалан олон жилийн туршид үүссэн үнийн хэт ялгаатай байдлыг арилгах алхам болох аж. Нөгөө талаас иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэх юм байна. Эдгээр хураамж, үйлчилгээний хөлс нь Гадаадын иргэн, харьяатын газар, хилийн чанадад байгаа манай дипломат төлөөлөгчийн газрууд, шинээр нээн ажиллуулах Монгол Улсын визийн төв болон цахим визийн системд нэгэн адил мөрдөгдөх гэнэ. Мөн манай визийн ангиллууд нэмэгдэх аж. Тодруулбал, дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлэн, 64 ангиллын виз олгохоор болж байна. Тухайлбал, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох гэх мэт шинэ ангилал бий болгожээ.
Түүнчлэн виз олгох байгууллагын бүрэн эрхэд зарим төрлийн өөрчлөлт оруулсан байна. Жишээ нь, Гадаад харилцааны яамнаас олгож байсан B буюу бизнес ангиллын, 30 хүртэлх хоногийн виз нь K1 болон өөрчлөгдөж, түүнийг Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлжээ. Мөн J буюу жуулчин ангиллын виз K2 болж, хил орчимд жуулчлах хүмүүст өгөх гурав хүртэл хоногийн визтэй хамт Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар олгохоор зохицуулав. Үүнээс гадна визийг цахимаар олгох зохицуулалтыг шинээр тусгаж, эхний ээлжид жуулчин (K2), соёл, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино, контент бүтээх (K4) болон дамжин өнгөрөх (K6)-ийг хамруулсан байна. Цахим визийн мэдүүлгийг Гадаадын иргэн, харьяатын газар https://evisa.mn/main цахим хуудсаар хүлээн авч, гурав хүртэл хоногт багтаан шийдвэрлэх аж. Харин цахим виз олгох улсын жагсаалтыг Хууль зүй, дотоод хэргийн болон Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалаар батлах юм байна.
Мөн тус журмаар визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, түүнийг олгохоос татгалзсан тохиолдолд дахин хүсэлт гаргах хугацааг өөрчилжээ. Тухайлбал, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэн, худал мэдүүлсэн тохиолдолд визийн зөвшөөрөл олгохоос татгалзаж, 30 хоногийн дараа дахин хандах эрхтэй байсныг 180 хоног болгон сунгасан байна.